Шууд Chart

СЗХ: Нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааны арилжааг эхлүүллээ

2022-09-26 11:58:25

“Сэндли ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцаа /IPO/-ны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн  Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Сэндли ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Наранбат болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчигээний тоог нэмэгдүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тодруулбал, дотоодын аж ахуйн  нэгжийг IPO, компанийн бонд гарган санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хуучин нэг байсан журмыг “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам” гэж салгаж олон улсын жишигт нийцүүлж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршууллаа.

Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг батлуулснаар дотоодын компаниудад бизнесийн шинэ санаа, санхүүгийн дэвшилтэт технологио бодит орчинд турших нөхцөлийг бүрдүүлж чадсан. Ингэснээр сүүлийн 2 жилийн хугацаанд дотоодын аж ахуйн нэгжээс нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах буюу IPO хийх замаар хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацааны санхүүжилт татах нь ихээр нэмэгдсэний зэрэгцээ санхүүгийн шинэ технологид суурилсан анхны дижитал бонд, банкны салбарын реформын хүрээн дэх анхны банкны IPO, анхны төгрөг-валют хосолсон компанийн бонд зэрэг нийт 44 бүтээгдэхүүн шинээр гарсныг онцлох нь зүйтэй.

Энэ удаагийн IPO амжилттай болсноор “Сэндли ББСБ” ХХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй болсон 5 дахь ББСБ болно. Дотоодын зах зээлд анхны бие даасан мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч санхүүгийн технологи компани /Финтек/-иудын нэг бөгөөд АНУ, Австрали, Япон болон Европын холбооны 27 улсаас санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай авах буюу гадаад вальютын мөнгөн гуйвуулгыг шууд хийх боломжийг бүрдүүлж өгсөн “Сэндли ББСБ” ХХК-даа олон нийтэд нээлттэй компани болж байгаад нь дахин баяр хүргэе” гэлээ.

Анхдагч зах зээлийн арилжаагаа нээж буй тус компанийн хувьд нийт хувьцааныхаа 30 орчим хувийг буюу 67 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 150 төгрөгөөр нийтэд санал болгон худалдаж, хөрөнгө оруулагчдаас нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ: Нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааны арилжааг эхлүүллээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй