Шууд Chart

Г.Занданшатар: Халамж нь хавтгайрсан улс орон хөгждөггүй

2022-09-28 14:25:57

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага болон хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэв.

Хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн явуулахад хилийн боомтын ба тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаагаа илэрхийллээ. Бизнес эрхлэгчдийн 75 хувь нь банканд хандахад тэдний  ердөө 15 хувь нь л зээл авчээ. Бусад нь эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт учирлав.

Хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй хамгийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол болоод буйгаа онцлон хэллээ.  Сарын 1,500,000 төгрөгийн цалин аваад ажиллах хүн олдохгүй байгаа нь халамжийн бодлоготой холбоотой хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин дурдав. Бизнес эрхлэгчид ажиллах хүчний  85 хувийг өөрсдөө ажлын байран дээрээ сургаж байгаа. Хэдийгээр Их дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн ч чадавхтай боловсон хүчин олдохгүй байна гэв. Тиймээс ажиллах хүчин бэлтгэхэд төсвөөс их хэмжээний зардал гаргаж буй МСҮТ-ийг ажлын байртай нь уялдуулах зорилгоор танхимын зохион байгуулалтад оруулах саналаа хувийн хэвшлийн төлөөлөл гаргалаа. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага байгааг ч онцлов.  2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжаа танаж, ажлын байрыг хамгаалахад чиглүүлэх цаг нь болсон гэж  бизнес эрхлэгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжиллаа.

2022 оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 889.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнд цар тахлын үед татвар, НД-ын шимтгэл, халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гэж хувийн хэвшлийнхэн онцоллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар бизнесийн төлөөллийн дээрх санал шүүмжийг сонсож, холбогдох байнгын хороодын дарга нарт хамтран ажиллах үүрэг чиглэл өглөө. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина гэдгээ онцлов.


Г.Занданшатар: Халамж нь хавтгайрсан улс орон хөгждөггүй   
Үзсэн: 1661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй