Шууд Chart

УИХ: АНУ-д Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар туршлага судлахаар ажиллаж байна

2022-09-28 13:53:26

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ц.Сэргэлэн, Х.Ганхуяг нарын УИХ-ын гишүүд Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна.

УИХ-ын гишүүд өнөөдөр /2022.09.27/ АНУ-ын Төрийн департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын товчооны Монголын асуудал хариуцсан туслах, Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён М.Ламберт болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын хууль эрх зүйн шинэтгэлийн асуудлаар санал солилцлоо.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, айлчлалын зорилго болон Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулан санал солилцлоо.

Мөн айлчлалын хүрээнд энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Цагаачлалын хяналтыг хэрэгжүүлэх албаны шүүгч Чарльз Эткинс Бланк болон Вашингтон хотын шүүхийн шүүгч Жүдит Пайптай уулзаж цагаачлалын асуудлаар болон зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл авч, санал солилцов.

Энэ нь Монгол Улсын Их Хурлаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийг шинэчлэн батлахаар хэлэлцэж байгаа цаг үетэй давхцаж байгаа юм.

Айлчлалаар тус улс захиргааны зөрчилд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт болон хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар судлах юм. Дашрамд дурдахад манай улсын 30 мянга гаруй иргэн АНУ-ын 200 орчим хотод суурьшин амьдарч байгаа бол Монгол Улсад АНУ-ын 2100 орчим иргэн амьдардаг байна хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.


УИХ: АНУ-д Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар туршлага судлахаар ажиллаж байна   
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй