Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон сумын ургац хураалтын явцтай танилцлаа

2022-09-29 16:12:22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс намрын ургац хураалтын явцтай танилцаж, Дархан-Уул аймагт ажиллалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон сумын "Шинэ Орчин Трейд ХХК" -ийн ногоо хураалтын явцтай танилцлаа. Тариаланчид төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэллээ.

Дархан-Уул аймаг улсын хэмжээнд газар тариалангийн 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 18 хувийг үйлдвэрлэдэг. Тус аймаг энэ жил 22 мянга гаруй га талбайд, түүний дотор 646 га-д төмс, 1,525 га-д хүнсний ногоо, 549 га-д малын тэжээл тариалж, 46 мянган тн ургац хурааж авах урьдчилсан баланс гарсан байна. 2022 онд улсын хэмжээнд 330 мянган тн улаанбуудай хурааж авах бөгөөд  гурилын хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой юм.

Улсын хэмжээнд одоогоор 25 мянган га талбайг ангилан хадаж, 26.3 мянган га-гаас 37.7 мянган тн үр тариа хурааж аваад байна. Үүнээс 24.3 мянган га-гаас 34.4 мянган тн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тн хүнсний ногоо, 6 мянган  га-гаас 16.9 мянган тн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тн тосны ургамал хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 6.6, төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувьтай байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Ургацаа бүрэн авцгаая” аян өрнүүлж, оюутан залуус, ажил хайж буй иргэдийг ургацын талбайд ажиллахыг уриалсан. Ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Эх сурвалж: hunsniihuvisgal.mn


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон сумын ургац хураалтын явцтай танилцлаа  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй