Шууд Chart

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

2022-09-30 14:02:06

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа Монгол банкны удирдлагууд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд анхаарсан гэж Монгол банкнаас танилцуулав. Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг  шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах, гадаад санхүүжилтийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлахаар 2023 оны мөнгөний бодлогод тусгасан гэж онцоллоо.

Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж буйгаа хэлэв. Мөн Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бизнесийн орлогыг төрөөс дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар тусгаснаа онцоллоо. Гадаад валютын гадагшаа урсах чиглэлийг бууруулж, гаднын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч төслийг боловсруулснаа танилцууллаа.  

Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулах, банкны салбарт IPO хийгдэх боломж нээгдэж байгаа учраас шинээр татагдах хөрөнгийн хэмжээгээр зээл олголт хэвийн болно гэж Төв банк тооцоолжээ.

2023 онд экспортын орлогыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамт буурч, макро эдийн засгийн бодлогын хувьд банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр зорьжээ. Монгол банкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн  үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа гэж Монгол банкны удирдлагууд онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсөв, мөнгөний бодлогыг уялдаа холбоотой байдлаар хэрэгжүүлж, үнийн өсөлтийг бууруулах цогц бодлого авах нэн шаардлагатай байна гэлээ. Учир нь гурван давхар шок буюу олон улсын хурцадмал байдал, тээвэр логистик, цар тахлаас үүдэлтэй үнийн өсөлт нь ард иргэдийн амьдралд болон бизнесийн салбарт хүнд цохилт болж байгааг хэлэв.  Тиймээс ирэх онд хэрэгжих төрийн мөнгөний бодлого энэ бүх эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн байх ёстойг онцлов.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив   
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй