Шууд Chart

Ховор, гайхамшигт "Хоргын тогоо"

2022-10-10 09:49:35

Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос Дархан цаазат газрын, 1994 оноос Байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.

Одоогоос найман мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоосон байдаг юм.

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 км зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уулыг "Хоргын тогоо" хэмээн нэрийджээ. Эдүгээ энэ уул Архангай аймгийн есөн гайхамшгийн нэгээр нэрлэгддэг юм. 

Хорго уул нь далайн төвшнөөс дээш 2210 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг.

Тогооны өрх нь хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуу хажуутай.

Хоргын тогооны дотор нь сандал, ширээ шиг том, том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсаж явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтжээ. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг.

Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын Шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдож байсан түүхтэй.

Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут гол хөөсрөн урсч эл бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог юм.


Ховор, гайхамшигт "Хоргын тогоо"  
Үзсэн: 3387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-26 10:53
Тэрхийн цагаан нуур

Бидэнтэй нэгдээрэй