Шууд Chart

МҮОНТ-ийн уран бүтээлчид “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн сургалтад хамрагдлаа

2022-10-10 16:52:30

Баг, хамт олны  мэргэжлийн, ёс зүйн ур чадварыг дээшлүүлж, жендэрийн мэдрэмжтэй өнцгөөс мэдээлж, сурвалжлах, хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг олгох, сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг дээшлүүлж, эх сурвалжаа төрөлжүүлэх урт хугацааны үр дүнтэй, ашиглахад хялбар, олон улсын аргачлал танилцуулах, редакцын удирдлага, хамт олонд бодлогын зөвлөгөө өгч, хэвлэл мэдээллийн салбарт ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийн сургалтад МҮОНТ-ийн уран бүтээлчид хамрагдлаа.

Энэ үеэр ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Сэтгүүл зүйн үнэ цэн: Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ?”, “Олон улсын шилдэг туршлага: Эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь”, “Хэвшмэл ойлголтыг халах нь”, “Өөрчлөлтийн эхлэл: Жендэрийн эрх тэгш байдлыг хэвлэл мэдээллийн аженда болгох нь” сэдвийн хүрээнд сургалт орж, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн ач холбогдол, үр ашиг, жендэрийн эрх тэгш байдлыг редакцын бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйн салшгүй чухал хэсэг болохыг онцлов.

Хэвлэл мэдээллээр эмэгтэй эх сурвалжийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин бага эш татдаг аж. Үүнийг өөрчлөх олон улсын сайн туршлагаас судалж, эх сурвалжийн дата сан, эх сурвалжийн бүртгэлийн хуудсыг танилцуулж, хэрхэн нэвтрүүлж, ашиглах талаар мэдээлэл өглөө. Мөн хэвлэл мэдээллийн агуулгад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хэрхэн хэвшмэл ойлголтыг дэвэргэх байдлаар дүрсэлдэг талаарх дасгал ажил, энэ алдаанаас зайлсхийх арга зүйн мэдлэг, чадварын талаар зөвлөлөө.

Тэрбээр сургалтын төгсгөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн оруулах хувь нэмрийг аженда-сеттингийн онолын дагуу, хэвлэл мэдээллийн олон талт, олон ургальч байх үндсэн зарчим, олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлэх, манлайлах үүрэг ролийн хүрээнд тодотгох болон энэ сургалтаас авсан мэдлэг, чадвараа өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өөрчлөлт хийх хэрэгтэйг хэллээ.

Харин Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондог “Мэдээллийн хэрэгцээ: Хүмүүсийн сонирхол, Амьдралын үнэ цэнийг нийтлэл бичвэрт тусгах нь”, “Эх сурвалжийн тухай ойлголт: Эх сурвалжийн төрөл, түвшин, “Эх сурвалж ба ёс зүйн хамаарал”, “Нууц эх сурвалж болон шүгэлдэгч”, “Үзэл бодол ба баримт” сэдвээр сургалт орлоо. Тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгцээний үндсэн гурван шинж, мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох зургаан алхам, мэдээлэл олох үндсэн арга барилыг танилцуулснаас гадна сэтгүүлзүйн бүтээлд заавал байх эх сурвалжууд, тэдгээрээс авах баримт, нотолгооны онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн эх сурвалжтай харилцах дэс дараалал, тактик, ёс зүйн мэдлэг, мэдээлэл олох үндсэн арга барилыг онол, туршлагатай хослуулан зааж, зөвлөлөө.

Үүнээс гадна тус сургалтад хамрагдсан МҮОНТ-ийн уран бүтээлчдэд "Улс төрийн мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь" редакцуудад зориулсан удирдамжийг өгсөн юм. Уг удирдамжид шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн хэвшмэл ойлголтыг халах “мэдрэмжтэй өнцөг”, жендэрийн тэгш байдлыг хангахад “хоточ нохой”-н гүйцэтгэх үүрэг зэрэг сэтгүүлчдэд улс төрийн асуудлыг сурвалжлахад тус болох агуулгуудыг багтаажээ.

Ташрамд дуулгахад, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийг үүсгэн байгуулжээ.

Мэдээллийн агуулга дахь хүйсийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх сэтгүүлчдийн бүлэг "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдэл үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна. Энэ хугацаанд эхлүүлсэн том ажлуудаас нь жишээ татвал, "BBC" агентлагаас хэрэгжүүлдэг “Тэгш байдлын 50:50" төслийн түншлэгч болжээ. Өдгөө дэлхийн 30 орны 145 байгууллага уг төслийн аргачлалыг ашиглан мэдээнд эзлэх эмэгтэй эх сурвалжийнхаа тоог амжилттай нэмэгдүүлж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНТ-ийн уран бүтээлчид “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй