Шууд Chart

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов

2022-10-15 09:20:49

“Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны санал, дүгнэлтийг санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар уншиж танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 06-ны 48 дугаар тогтоолоор Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны 2022 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар тус Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Түр хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 1965 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Авто механик-инженер, эрх зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр. Тэрбээр 1990-1992 онд ОХУ-ын Рыпкооп улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” компанийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,  2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, 2011-2012 онд “МИАТ” компанийн ТУЗ-ийн дарга, 2013 оноос Булган аймгийн МАН-ын хорооны дарга, 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Түр хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар сонгохыг дэмжиж, “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.


Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов   
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй