Шууд Chart

Орос улс Украины Херсон хотоос цэргээ ухрааж татах тушаал өгчээ

2022-11-11 14:01:02

ОХУ дайн эхэлснээс хойш өнөөг хүртэл армийнх нь мэдэлд байсан Украины цорын ганц мужийн нийслэл Херсон хотоос цэргээ ухрааж, Днепр мөрний зүүн эрэгт хориглон хамгаалах байрлалд шилжүүлэх тушаалыг цэргийн командлагчдадаа өгчээ.

Харин Украины тал Оросын цэрэг Херсоноос байлдахгүйгээр ухрах шинж тэмдэг харагдахгүй байна, энэ тушаал Оросын батлан хамгаалахын сайдын хэвлэлийнхний өмнө хэлсэн заль мэх байж болзошгүй гэж болгоомжилж байна.

Ажиглагчид Орос дайны хугацаанд өөрийнх нь хяналтад байсан стратегийн чухал байршилтай хотоос цэргээ татах нь Украины дайны эргэлтийн цэг, Оросын армийн хамгийн том цохилт болж болзошгүй гэж таамаглаж байна.

Тодруулбал, Украины Херсон хот дахь Оросын цэргийн анги нэгтгэлүүдэд хангамж хүргэх бололцоогүй болсныг генерал Сергей Суровикин батлан хамгаалахын сайд Шойгуд тайлагнасан байна.

Өөрөөр хэлбэл дайны өнөөгийн байдлыг үнэлсний эцэст Днепр мөрний зүүн эрэг дагуу хориглон хамгаалах байрлалд шилжих нь цэргийнхээ амь нас, байлдааны үр нөлөөг хадгалахад чухал, Днепр мөрний баруун эрэгт байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх нь утгагүй гэсэн дүгнэлтийг ерөнхий командлагч нь батлан хамгаалахын сайддаа танилцуулсныг Шойгу хүлээн авч, цэрэг техникээ Днепр мөрнийг аюулгүй гатлуулахад шаардлагатай бүх талын үйл ажиллагааг явуулахыг үүрэг болгожээ.

Харин Украины тал Оросын энэ шийдвэрт эргэлзэж байна. Одоогоор дайны фронт дээр Оросын цэрэг ухрах ямар ч шинж тэмдэг алга, урхи, заль мэх байхыг үгүйсгэхгүй гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк мэдэгджээ. Оросын талаас Херсонд томилсон хоёр дахь өндөр албан тушаалтан Кирилл Стремоусов автомашины ослоор амиа алдсаны хэдхэн цагийн дараа Орос цэргээ ухраах шийдвэрээ зарласан аж.

Нийт 283 мянга гаруй хүн амтай, далайн боомт хот Херсон нь Украины Херсон мужийн төв хот юм. Өнгөрсөн 9 дүгээр сард Оросын ерөнхийлөгч эзлэгдсэн дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсний нэг нь Херсон байсан. Өөрөөр хэлбэл Оросын армийн хяналтад байсан Украины хамгийн том бөгөөд цорын ганц мужийн нийслэл хот нь Херсон юм. Өнгөрсөн хугацаанд Оросын арми Херсон хотоос 100 гаруй мянган хүнийг эзлэгдсэн газар нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлжээ.

Украины арми Херсон хотыг чөлөөлөх сөрөх довтолгоог сүүлийн 1 дүгээр сарын хугацаанд тасралтгүй хийсний дараа Орос цэргээ ухраахаар тушаал өгч байгаа нь өнгөрсөн 2 дугаар сараас хойш Украинд хийж байгаа Оросын цэрэг дайны ажиллагаанд томоохон цохилт болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Гэхдээ ОХУ Украины Луганск, Донецк, Запорожие болон зүүн болон өмнөд бүсийг хяналтдаа авахын төлөө тус бүс рүү хүн хүч техник зэвсгээ төвлөрүүлж байгааг олон улсын хэвлэлүүдээр онцолж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орос улс Украины Херсон хотоос цэргээ ухрааж татах тушаал өгчээ   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй