Шууд Chart

П.Хандсүрэн: Би ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн

2022-11-15 10:22:13

Энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа Зорчигч үйлчилгээний төвийн лавлан мэдээлэгч Пүрэвдоржийн Хандсүрэнг урилаа. Тэрбээр үндсэн ажлаа эрхлэхийн зэрэгцээ Замын захиргаанаас зарласан спорт урлагийн тэмцээн уралдаанд хамт олноо манлайлан оролцож, залуу насныхаа эрч хүчээр од мэт гялалзаж яваа бүсгүй.

-Таныг тэс өөр салбараас төмөр зам руу “урвасан” гэж сонссон юм байна ...

-Би анх маркетингийн менежерээр төгсөөд “Буян” компаниас ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь, БНХАУ руу хэлний бэлтгэлд хоёр жил сурсан. Тэндээсээ ирээд магистрт сурах бодолтой байсан ч ээж маань төмөр зам руу оруулчихсан (инээв). Тэр цагаас хойш УБТЗ-д долоо дахь жилдээ ажиллаж байна. ТЗДС-ийг эчнээгээр төгсөж Ашиглалтын техникч хэмээх хоёр дахь мэргэжлээ эзэмшсэн. Миний ээж явуулын кассираар ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан ахмад төмөр замчин.

-Ээжийнхээ замналаар ажиллаж хөдөлмөрлөхөд юу бодогддог вэ?

-Эхэндээ ч, төмөр замын чанд хатуу дүрэм журамд захирагдахаас өгсүүлээд амаргүй л санагддаг байлаа. Хамт олныхоо дунд идээших тусам “Миний үндсэн зан чанар төмөр замын салбарын онцлогт ойрхон байж гэдгийг ойлгосон. Би ер нь нэг тийм араншинтай. Аливаа зүйлд хариуцлагатай байхыг хичээдэг хүн гэдгээ УБТЗ-д орсныхоо дараа л олж мэдсэн. Хүн ажил мэргэжлийнхээ талбарт учраа олоогүй үедээ л шантарч, төвөгшөөдөг юм билээ. Дөнгөж ажил орсныг хэлэхүү дарга нар ороод ирэхэд хүртэл танихгүй, их будилдаг байлаа. Ажлаа гартаа оруулсны дараа харин тийм ч их бэрхшээл байгаагүйг ойлгосон. Хариуцсан ажлаа арван хуруу шиг мэддэг хүнийг хэн ч дарамтлахгүй шүү дээ.

-Охиноо мэргэжлийн төмөр замчин болгосондоо ээж тань сэтгэл дүүрэн суудаг байх ...

-Ээж минь ахмад төмөр замчин учраас миний ажлыг маш сайн ойлгодог. Миний хувьд ээжийнхээ хаана нь ч хүрэхгүй. Явуулын кассирын ажил хэцүү шүү дээ. Тэр үеийн ачааллыг ч хэлэх юм биш. Ажилдаа яваад л өгнө. Хоёр, гурав хоног ор сураггүй. Ирээд л унтаж байгаа нь харагдана. Удалгүй дахиад л явчихна. Аав бас урлагийн тоглолт энээ тэрээ гээд явчихна. Аав, ээж хоёул гэрт байхаас байхгүй нь их. Ер нь, миний үеийн хүүхдүүдийн аав ээж бүгд адилхан завгүй байсан байх. Бид ч энэ хэмнэлд нь дасчихсан. Хөрш айлд захиж орхиод л явчихна. Одоо бол ээж минь “Миний охин мундаг байна. Улам хичээгээрэй. Удирдлагуудаа хүндлэх хэрэгтэй. Чи өөрөө л хичээвэл ямар ч оргилд хүрэх боломжтой. Чамд илүү олон боломж бий” гэж сургадаг.

-Урлаг, спортоор хэзээнээс хичээллэв?

-Спортын хувьд волейбол их сонирхдог байлаа. Хоёрдугаар зэрэгтэй тамирчин болтлоо хичээллэсэн. Сүүлийн жилүүдэд харин огт хичээллэхгүй хаячихсан байлаа. Гэтэл төмөр замд орсныхоо дараа явган аялал, сагсан бөмбөгийн тэмцээн, урлагийн тэмцээн, дуу, бүжиг гээд л идэвхтэй гүйх шаардлага тулгарсан. УБТЗ-ын 70 жилийн ойгоор сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд оролцож хүрэл медаль авснаас эхлээд өнгөрсөн хугацаанд урлаг, спортын төрөлд хэд хэдэн удаа байр эзэлсэн. Би өмнө нь сагсан бөмбөгийг огт тоглож байгаагүй. Хамт ажилладаг эгч нар маань “Зүгээрээ миний дүү өндөр юм чинь болно” гээд л тэмцээнд авч орсоор байгаад сүүлдээ хэзээний сагсчин шиг тэмцээн, уралдаан таслахгүй болсон доо. Ер нь, хамт олон, удирдлагууд маань “Чи л чадна. Чамаас өөр энд орох хүн байхгүй” гээд л шууд даалгачихна. Эхэндээ түлхүүлж явдаг байсан бол сүүлдээ ч эвлэрч “Би байгууллагаа төлөөлж яваа шүү” гэж өөртөө хэлээд л бэлтгэл сургуулилтаа хийдэг болсон. Ер нь УБТЗ миний авьяас чадварыг олон талаар нээж өгсөн. Цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа “Жигүүр хамтлаг” зорчигчдод зориулсан тоглолтууд хийхэд би тус хамтлагийн нэг гишүүн нь юм шиг л оролцоод явсан.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Аав маань Цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Ээж ч бас урлаг соёлын авьяастай. Энэ нь надад нөлөөлсөн байх. Би хоёр эгчтэй, айлын бага хүүхэд. Ээж аав хоёр гэртээ байхаасаа байхгүй нь их. Ажил алба гээд л явцгаачихна. Эгч нар маань хоёул дуулж бүжиглэдэггүй ч намайг л дуулуулна. Тэр үед Энэтхэг кино их гардаг байсан болохоор цонхны хөшгөөр толгойг минь ороож, духан дээр мэнгэ зураад л “Одоо бүжиглэ” гээд л командална. Би ч хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор эгч нарынхаа даалгаврыг ёсчилон биелүүлнэ. Эгч нар минь намайг их сайн хардаг байлаа. Авьяасыг минь хөгжүүлж, хүний өмнө нүүр хагарах эхлэлийг хоёр эгч минь тавьж дээ гэж боддог. Хүүхэд байхад гэрийнхэн болоод найзууд маань “Чи урлаг спортоор явбал илүү амжилтад хүрнэ” гэдэг сэн. Би харин “Үгүй, би чадахгүй” гээд л зугтаадаг байлаа.

-Байгууллагынхаа урлаг спортын их наадамд энэ жил хэрхэн оролцов?

-Сагсан бөмбөгийн төрлөөр манай эмэгтэй баг алтан медаль авсан. Мөн урлагийн төрөлд “Гоцлол эмэгтэй дуучин”-аар дэд байрт шалгарсан. МЗЭ-ийн “Тэргүүний залуу” медалиар шагнуулсан гээд баярт үйл явдлууд ар араасаа хөвөрсөн жил тохиож байна. Завгүй болоод ч тэр үү, сэтгэлд нэг л гоё санагдаад байгаа. Гэхдээ энэ жилийн наадамд бэлтгэл муутай оролцсон л доо. Хүн хүч муутайг хэлэх үү ард үлдэж байгаа хүмүүст тулаа их гараад би ажлынхаа зав чөлөөгөөр л тэмцээн уралдаандаа оролцоод явсан. Бэлтгэлээ ч тааруухан хийсэн, ядрах үе ч их гарсан. Гэхдээ хамт олон минь намайг маш сайн дэмждэг гэдгийг энд онцолъё. Манайх “Зохион байгуулах үйлчилгээний цех” гэсэн статустай болохоор авьяаслаг залуучуудаа уралдаан тэмцээнд оролцоход нь бүх талаар тусалцгаадаг. Амжилт гаргасан үгүйгээс үл хамааран хүмүүс сэтгэл зүрхээрээ дэмжээд байхаар бид ч урам авч юм бүхэнд оролцоод л явдаг даа.

-Урлаг, спортын наадамд дэд байр эзэлсэн дуугаа Төмөр замчдын мэргэжлийн баяраар дуулахыг чинь сонссон. Зөвхөн дуулалтаас гадна өөрөө ч мэргэжлийн уран бүтээлч шиг зритель, тайзыг бүрэн удирдаж байсан шүү?

-Тийм үү, маш их баярлалаа.Дуугаа мэдэрч, дотор нь орж дуулах үнэхээр гоё мэдрэмжийг авдаг. Үнэнийг хэлэхэд би тэмцээн уралдаанд орохдоо их сандардаг. Заримдаа бүр чанга яригчаа алдчих гээд чичрээд байдаг. Харин саяхан болсон Урлаг спортын наадмын сүүлчийн шатанд маш тайван дуулсан. Тэр үеийн бичлэгээ хийлгээд дараа нь үзсэн. Анх байснаасаа хойш ер нь гайгүй дуулсан санагдсан шүү. Тайзан дээр гараад тэнд байгаа олон хүний халуун дулаан энергийг мэдрэх ямар гоё гэж бодно. Миний хувьд цаашид ажил мэргэжлээсээ хэлбийгээд урлагийн замнал руу гүн гүнзгий оръё гэсэн бодол төрдөггүй. Харин “Өөрийн гэсэн хэдэн сайхан дуутай болох хэрэгтэй юм байна” гэж бодсон. Яагаад вэ гэвэл тэмцээнд оролцдог болсноос хойш намайг “Баяр ёслолын арга хэмжээнд уран бүтээлчийн хувиар оролцооч” гэсэн хүсэлт их ирдэг болсон. Хөтлөгч хийлгэнэ, эсвэл дуулуулна. Шинэ жилийн баяраар л гэхэд “халтуур” ч хийх аятай (инээв). Хүмүүс надад итгэж, хүндлээд байхад өөрийн гэсэн урын сангүй байж болохгүй шүү дээ.

-Тэмцээнд дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?

-Би дуучин С.Нарангийн дууг л ихэвчлэн сонгож дуулдаг. Хоолойны тембр, дуулах өнгө аяс миний сонирхолд нийцдэг гэхүү дээ. Энэ жилийн наадамд дуулсан “Хөдөөгийн сайхан талыг зорино” дууг “Манлай дуучин-2020” наадамд бэлтгэж байсан ч дуулж чадаагүй юм.

-Хятадад сурах хугацаандаа залуу хүний хувьд өмнө нь олж хараагүй зарим зүйлийг мэдэрсэн үү?

-Тэндхийн хүмүүс маш эрт босдог. Хятадуудын хөдөлмөрч чанар нь хамгаас түрүүнд анзаарагдсан. Бүх юм нь цагийн хуваарьтай. Өөрсдийгөө тултал нь ажиллуулж, бас амрааж чаддаг онцлогтой ард түмэн шиг санагдсан. Тэнд суралцаж байхдаа “Би өмнө нь ямар залхуу байсан юм бэ. Хайран цаг хугацааг дэмий өнгөрөөж дээ” л гэж их бодсон. Монголд ээждээ эрхэлдэг ч байсан уу тэгтлээ хийж бүтээсэн зүйлгүй ч ядраад л байгаа юм шиг санагддагсан.

-Өөрийн чинь ярианаас анзаарахад их дайчин, эрэл хайгуулч санагдлаа. Чөлөөт цагаа юунд зарцуулах дуртай вэ?

-Баярлалаа. Би байгаа орчиндоо чадлынхаа хэрээр шинэчлэл хийхийг хичээдэг л дээ. Өөрийгөө үргэлж цэнэглэж байхсан гэдэг үүднээс юм бүхнийг өөр өнцгөөр харахыг эрмэлздэг. Тэр нь ч хамт олонд маань таалагддаг байх. Аливаа байгууллагын үнэт зүйл нь хамт олон шүү дээ. Тэгэхээр хувь хүн хамт олон дотроо ямар байр суурьтай, үнэлэмжтэй байна тэр хэрээр амжилт бүтээл дагалдана гэсэн үг. Стресстэх шалтгаан ч бага гарна. Хүн бүрийн хувийн зохион байгуулалт сайн, ажлаа сайн мэддэг, хоорондоо эвсэг байвал тухайн байгууллагын нэр төр өндөрт явна шүү дээ. Байгууллагынхаа хэмжээнд шинээр хийж болохуйц, үйлчлүүлэгчийн таашаалд нийцэхээр юу байна вэ гэдгийг гадна дотны байгууллагаар орохдоо хүртэл ажиглаж явахыг эрмэлздэг. Чөлөөт цагаараа сэлнэ, фитнест явна гээд ер нь спортоор хичээллэж ажлын стрессээ тайлахыг эрмэлздэг. Бас үзэсгэлэнд байгальд алхах их дуртай.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Хандсүрэн: Би ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн   
Үзсэн: 2067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-16 11:20
Gan zam soninoos unshsan yriltslaga bn xaxa

Бидэнтэй нэгдээрэй