Шууд Chart

Туркийн эрх баригчид Истанбул хотод болсон дэлбэрэлтэд холбогдуулж 17 хүнийг баривчилжээ

2022-11-20 11:54:12

Өнгөрсөн ням гарагт Туркийн Истанбул хотын төв гудамжинд болсон дэлбэрэлтэд холбогдуулж өнөөдрийн байдлаар, 17 хүнийг саатуулан шалгаж байгаа юм байна. Өөр гурван сэжигтнийг шүүхээс суллаж явуулжээ. Туркийн эрх баригчид энэ халдлагад Курдын зэвсэгт бүлэглэлүүдийг буруутгаж, харин тэдгээр бүлэг өөрсдийгөө энэ хэрэгт холбоогүй гэж мэдэгдэж байгааг Туркийн Анадолу агентлаг мэдээлсэн байна.

Тус алан хядах ажиллагааны дараа саатуулагдсан өөр 29 хүнийг мөн Туркээс албадан гаргахаар болсон байна. Одоо баривчлагдсан байгаа хүмүүст прокуророос “төр улсын нэгдмэл цул байдлыг” алдагдуулсан, санаатай аллага үйлдсэн болон бусад зүйл ангиар ял тулгаж байгаа юм байна. Прокурорууд ялын дүгнэлтийг бэлэн болгосны дараа шүүх хурал товлогдоно. Энэ нь сэжигтнүүд урьдчилан хорих газарт хэдэн сараар хоригдоно гэсэн үг болохыг мэдээлэлд мөн дурджээ. Анадолу агентлагийн мэдээлснээр, хэргийн гол сэжигтэн буюу тэсрэх бодистой цүнхийг гудамжны сандал дээр орхисон 23 настай Сири эмэгтэйгээс цагдаа нар 5 цаг байцаалт авсны эцэст, тэр цүнхийг орхисон гэдгээ хүлээсэн боловч дотор нь юу байгааг мэдээгүй гэж мэдүүлжээ. Мөн цүнхийг сандал дээр тавьж үлдээх зааварчилгааг нэг эрэгтэй хүнээс авсан гэдгээ хэлжээ. Түүнийг цүнхийг орхиж явсны дараа бөмбөг дэлбэрсэн болжээ. Туркийн эрх баригчид энэ алан хядах ажиллагаанд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон Курдистаны Ажилчны нам болон Сирийн Курдуудын сайн дурын армийнхныг буруутгаж байгаа юм. Харин Курдын ажилчны нам энэ хэрэгт холбоотойг үгүйсгэжээ. Энэ сарын 13-нд буюу өнгөрөгч ням гарагт Истанбулын хөл ихтэй гудамжинд дэлбэрэлт болж, 6 хүн аминд хүрч, 80 гаруй хүнийг шархдуулсан хэрэг Туркт ойрын 5 жилд болоогүй цус урсгасан халдлага болсон юм. Турк даяар удаа дараагийн цуврал халдлагууд үйлдэгдэж байсан 2015-2017 оны хоорондох үйл явдлыг энэ удаагийн дэлбэрэлт эргэн сануулсан хэрэг болсон. Туркийн эрх баригчид тэдгээр халдлагад курдын зэвсэгт бүлэглэлийнхэн болон Исламын улс бүлгийн гишүүдийг буруутгасан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн эрх баригчид Истанбул хотод болсон дэлбэрэлтэд холбогдуулж 17 хүнийг баривчилжээ   
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй