Шууд Chart

2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ

2022-11-23 16:54:04

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг 91 хувьтай гэж үзсэн байна. 

Харин 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 4 бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 806 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган боловсруулжээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэхээр 74 ажил үйлчилгээг тусгасан бол газар зохион байгуулалт бүлэгт 604 ажил үйлчилгээ тусгажээ. Үүнээс өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох чиглэлээр 118, төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 111 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөв. Мөн газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ 152 байгаа юм. Түүнчлэн нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээ 20, автозамын байгууламж 102, орчны тохижилт ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх 88, газрын элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил хэмжээтэй холбоотой 13 ажил, арга хэмжээ байгаа юм.

Мөн 2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Түүнээс гадна хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг хэлэлцэв. Эдгээр болон хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй