Шууд Chart

Украин эрчим хүчний дэд бүтцээ сэргээн засахаар ажиллаж байна

2022-11-27 13:15:24

Оросын арми өнгөрсөн сараас хойш Украины нийслэл Киев болон бусад хотуудын эрчим хүчний дэд бүтцүүдийг бөмбөгдөх нь нэмэгдсэнээр Украинд олон сая хүн гэрэл цахилгаангүй болсон. Өвлийн ид хүйтэн орохоос урьтаж, Украины эрх баригчид улс орон даяар эрчим хүчээ сэргээхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Лхагва гарагаас хойш цахилгаангүй болсон хүний тоог хоёр дахин бууруулж, одоо 6 сая гаруй хүн цахилгаангүй байгааг Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгджээ.

Бүх мужид эрчим хүчний нөхцөл байдал маш хүнд байгаа ч улс орон даяар эрчим хүчээ сэргээхээр чадах чинээгээрээ зүтгэж байна гэж Зеленский мэдэгджээ. Тухайлбал нийслэл Киев болон Одесс, Лвов, Винница, Днепропетровск мужуудад эрчим хүчний тасалдал хамгийн өндөр хувьтай байгаа юм байна. Украины ерөнхийлөгч өчигдөр Европын комиссын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, тусламж дэмжлэгээ яаравчлахыг хүсжээ. Европын Комисс Украинд эхний ээлжид 2,5 тэрбум еврогийн санхүүжилт олгохоо амлаад байгаа юм. Энэ үеэр Женевд НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар Украины хүмүүнлэгийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. Тус газар Украинд олон сая хүн гэрэл цахилгаангүй, цэвэр усны нийлүүлэлт, халаалтгүй өвөлжих эрсдэлтэй тулгарсан байгааг хүлээн зөвшөөрчээ. НҮБ-ын хүмүүнлэгийн болон тусламжийн агентлагууд Украинд эмнэлэг, сургууль зэрэг нийтийн байгууламжуудад эрчим хүчний үүсгүүр тусламжаар илгээж байгаа юм байна. Одоогоор цахилгаан үүсгүүр 400ширхгийг Украины руу илгээжээ. Украины 24 мужийн 15 нь цахилгаан эрчим хүчний тасалдалтай, цэвэр усны хомсдолтой тулгарч байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагаас мэдэгджээ. Одоо НҮБ-ын хүмүүнлэгийн болон тусламжийн агентлагууд Украины иргэдийг дотоодод нь нүүлгэн шилжүүлэх мөн хилийн чанад руу гаргах асуудлаар Киевийн эрх баригчид болон хөрш улс орнуудтай нь яриа хэлэлцээ хийж байна. Оросын арми Украины Херсон хотоос 2 долоо хоногийн өмнө гарснаасаа хойш тус хотыг бөмбөгдөх нь сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Пүрэв гарагт гэхэд Оросын арми Херсон хот руу их буугаар галласнаас үүдэж Украины 10 энгийн иргэн амь үрэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Украин эрчим хүчний дэд бүтцээ сэргээн засахаар ажиллаж байна   
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй