Шууд Chart

НАТО Украины зэвсэгт хүчнийг өрнөдийн орчин үеийн стандарт руу шилжихэд нь системтэйгээр дэмжлэг үзүүлнэ

2022-11-27 13:22:51

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Оросын түрэмгийллийг ялж гарахад нь Украиныг урт хугацаанд дэмжлэг үзүүлэхээ амлалаа. НАТО Украиныг Зөвлөлтийн үеийн зэвсэг техникээс Өрнөдийн орчин үеийн стандартын зэвсэг техник, сургалт, номлол руу шилжихэд нь системтэйгээр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. НАТО өөрөө цэргийн эвслийн хувиар зэвсэг нийлүүлдэггүй, иймээс Украинд агаараас хамгаалах болон бусад төрлийн зэвсгээр үргэлжлүүлэн туслахыг НАТО-гийн тэргүүн гишүүн орнууддаа хандаж уриалж байна.

Ирэх 7 хоногт НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Румынд уулзалт хийхээр төлөвлөж байна. Энэ уулзалтыг угтаж НАТО-гийн ЕНБД Украиныг урт хугацаанд системтэй дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэсэн чигийг Гишүүн орнууддаа өгч байна. Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн орнууд одоогоор түлш, цахилгаан үүсгүүр, эмнэлгийн хэрэгсэл, өвлийн тоног төхөөрөмж, нисэгчгүй онгоц замаас нь баригч зэрэг зэвсгийн бус тусламжийг Украинд нийлүүлж байгаа ч Орос эрчим хүчний дэд бүтцийг нь онилж, өвлийн хүйтэн орж байгаа ийм үед Украинд үзүүлэх цэргийн бус дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэдгээ онцлоод, Румыны уулзалт дээр ч илүү их тусламж үзүүлэхийг уриална гэдгээ мэдэгджээ. Румыны уулзалтад Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба оролцож, улс оронд нь нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйлсийг НАТО-д танилцуулах юм байна. Энэ үеэр НАТО ч урт хугацаанд Украинд ямар төрлийн дэмжлэг үзүүлэх бололцоотой байгаагаа танилцуулах юм байна.

НАТО одоогоор Украин, Гүрж улсуудад хэзээ нэгэн өдөр гишүүнээ болгоно гэсэн амлалт өгөөд байгаа. НАТО-гийн ЕНБД “ихэнх дайн яриа хэлэлцээний дүнд дуусдаг ч хэлэлцээний ширээн дээр юу болох нь дайны талбарт юу болж байгаагаас шалтгаалдаг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Польш улс агаарын довтолгооноос хамгаалах патриот системийг Украинд нийлүүлэхийг Германаас хүссэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Столтенберг “агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг илгээх нь тухайн улсын өөрийнх нь бие дааж шийдэх асуудал” гэсэн хариулт өгчээ. Герман Польшийн хилд Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин унасны дараа Америк улсад үйлдвэрлэсэн газар агаар ангиллын пуужингаас хамгаалах системийг НАТО дахь түнш Польш улсад санал болгосон юм. Харин Польш уг системээ Украинд өг гэсэн хүсэлтээ тавьсан. Харин Берлин уг системийг зөвхөн НАТО-гийн гишүүн улсын газар нутагт байрлуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО Украины зэвсэгт хүчнийг өрнөдийн орчин үеийн стандарт руу шилжихэд нь системтэйгээр дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй