Шууд Chart

Хүүхэд хумсаа мэрэх нь сэтгэл зүйн тавгүй байдал, сэтгэлийн зовнил, түгшүүрээс үүдэлтэй

2022-12-02 09:59:21

Хүүхэд хумсаа мэрэх нь сэтгэл зүйн тавгүй байдал, сэтгэлийн зовнил, түгшүүрээс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд сэтгэл зүйн хувьд тайвширах зорилгоор эхэлж мэрж байгаад сүүлдээ зуршил болдог.

Хумсаа мэрэхийг Мэдрэлийн зуршил гэж тодорхойлсон байдаг ба ихэвчлэн 3 нас хүртэл ховор боловч 5-10 насны хүүхдүүдийн 30 орчим хувь, өсвөр насны хүүхдүүдэд 45 хувьтай тохиолддог.

Бага насны хүүхдийн хумсаа мэрэх нь 3 наснаас эхэлдэг. Нэг их анзаарагдахгүй байж байгаад 5 насандаа илүүтэй мэрэх, өсвөр насанд хүчтэй илэрдэг.

Аюул багатай мэт боловч хумсанд байх нян бактери нь цусанд халдвар орох, боловсруулах эрхтэнд ч өвчин үүсгэх эрсдэлтэй. Хүндээр бие зассаны дараа гараа угаахгүй байвал хумсны завсар орсон цагаан хорхой амаар дамжин мөн бусдад ч халдварладаг.

Хумсаа мэрдэг хүүхдүүдийн гэдэс илүүтэй өвддөг, хоол шингээх үйл ажиллагаа нь доголддог. Ажиглаад байхад гараа угаадаг хүмүүс маш цөөн байдаг. Бохир хумс, гарнаас болж гэдсэнд шимэгч хорхой үүсдэг. Мөн шүдний ургалтад муугаар нөлөөлдөг. Шүд бол хүний гоо сайхан билээ. Хумсаа мэрсээр байгаад бүр хумсгүй, хурууны хэлбэр нь алдагдсан хүүхэд байдаг.

Хумсаа мэрэх нь аав, ээжийн болон орчны нөлөөнөөс үүдэлтэй байдаг. Жишээ нь, хүүхдээ багад нь орхиж явах, дүүтэй болох, төгс байдлыг хүүхдээсээ хүсэх, хайр халамж бага үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хайхрахгүй байх, хумсаа мэрдэг хүүхдийг даган дуурайх, сэтгэл хөдлөлийг нь хуваалцаагүй байдлаас үүддэг. Мөн сургууль, цэцэрлэг дээрээ бусадтай таарамжгүй байх, мөн л даган дуурайх зэрэг юм.

Хүүхэд үүндээ донтох буюу насан туршдаа ч салахгүйгээр зуршил болдог. Хумсаа идэхээ боль гэж хэлэх, загнах, зодох нь байдлыг улам дордуулна. Энэ нь улам л хумсаа идэх сануулга болж өгдөг. Зүгээр сууж байхад тархинаас хумсаа идээрэй гэсэн сануулга болж өгдөг.

-Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа бол энэ нь юунаас болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Үнэхээр хүүхдийн сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү гэдгийг тогтоохдоо аав, ээж хоорондын харилцаа болон хүүхдээ сайтар ажиглах, хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцах, гэр орны уур амьсгал ямар байна гэдэгт ажиглалт хийх хэрэгтэй.

-Мөн би хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байна вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Дарамталж байна уу, уурлаж байна уу, зодож байна уу, хэтэрхий их хариуцлага нэхэж байна уу, төгс байхыг шаардаж байна уу, дүүд нь хэт их анхаарал хандуулж байна уу гэх мэт.

-Юуны өмнө та хүүхэдтэйгээ тайван ярилцаарай. Хумсаа мэрэх нь ямар аюултай болохыг, хумсаа мэрэхээ болих нь яагаад чухал болохыг тайлбарлаж өгөөрэй. Жишээ нь, хумсны завсарт нян байдаг, түүнээс өвчин үүсдэг, хүүгээ өвдөх вий гэж ээжийнх нь санаа зовж байна гэх мэт.

-Хумсаа мэрэх үед нь анхаарлыг нь өөр зүгт чиглүүлэх, хамтдаа тоглоё, ээж, авдаа энийг бариад өгөөч, гарыг нь завгүй байлгах, хамтдаа гар урлал хийж үзээрэй. 

-Аав, ээж хамтдаа хичээх, нэгдэх, тохиролцох. Хүн тамхинаас гарах хичнээн хэцүү билээ дээ. Хумсаа мэрэх нь яг үүнтэй адил ба чамгүй хичээл зүтгэл, цаг хугацаа орно.

-Гэр бүлийн харилцаандаа дүн шинжилгээ хийх, харилцаагаа сайжруулах, бие биенээ дэмжих.

-Хүүхдээ бодитоор өдөр тутмын үйл ажиллагаанд оролцуулах, дэмжих, магтах, анхаарах, урамшуулах. Түүнд цаг гаргах, өглөө, оройдоо илүүтэй цаг гаргах. Аав нар хүүхдэдээ ээжээс илүү санаа тавих нь хүүхийн хувьд чухал дэмжлэг болно.

-Хүүхдээ загнаж, зандрахаа болих хэрэгтэй. Ингэх нь байдлыг дордуулна.

-Аав, ээжүүд өөрийн сэтгэл санааныхаа байдлыг хүүхдэдээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. Аав, ээж нь жаахан юм бодоод сууж болох уу, ядраад жаахан тавгүй байна, амарчихаад хүүтэйгээ ярьж болох уу гэх мэт. Аав, ээжийн онцгүй байгааг хүүхэд аав, ээжийгээ дандаа ууртай, би саад болж байна, надад хайргүй гэж боддог.

-Хумсаа мэрэх нь ямар заваан байдаг гэдгийг, гэдэсний хорхой гэж юу байдгийг, шүд яаж хэлбэрээ алддаг тухай, нян бактерийн талаар зураг, бичлэг, үлгэр ярьж өгөх. Үүний тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй.

-Аав, ээж итгэлтэй байх хэрэгтэй. Мөн бие биенээ дэмжих хэрэгтэй.

-Зориулалтын түрхлэг түрхэх. Хувийн ариун цэвэр сайтар сахих, гарт гоё зураг наах, охидын хумсыг хоргүй будгаар будаж өгөх.

-Хумсаа их мэрэхээр өвчин тусна, тэгэхээр аав, ээж нь чамайг хумсаа мэрэхээ болиорой гэж сануулж байж болох уу гэх зэргээр ярилцаарай. 

Байдал дээрдэхгүй байвал мэргэжлийн хүний зөвлөгөөг заавал авах хэрэгтэй.

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ


Хүүхэд хумсаа мэрэх нь сэтгэл зүйн тавгүй байдал, сэтгэлийн зовнил, түгшүүрээс үүдэлтэй  
Үзсэн: 6280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй