Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Р.Буанган-ыг хүлээн авч уулзав

2022-12-07 21:16:00

УИХ-ын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг шинээр томилогдсонтой нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар томилогдоод удаагүй байгаа ноён Элчин сайдад баяр хүргээд Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Ноён Элчин сайд Р.Буанган УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ардчиллын төлөөх амлалт, ардчилсан институци, ялангуяа үг хэлэх эрх чөлөөг хангасан иргэний үндсэн эрх чөлөөг эрхэмлэдэг улс болохыг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд харилцан сонирхсон асуудал, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн 2020, 2021 онуудад Монгол-Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолд АНУ-ын Конгрессын хоёр танхим дэмжиж, баталсанд талархал илэрхийлэв. Тэрбээр  Монгол Улс гуравдагч хөрш АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

Элчин сайд Р.Буанган ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Р.Буанган-ыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй