Шууд Chart

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ажиллах хүчний сайд Тан Сее Ленгтэй уулзав

2022-12-08 12:55:40

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 17 дугаар ээлжит чуулган 2022 оны 12 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулагдаж байна.
 
Энэхүү чуулганд Ази, Номхон далайн бүсийн 26 улсын Засгийн газрын болон нийгмийн түншлэлийн талууд, ажил олгогч, хөдөлмөрчдийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
 
Чуулганы хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Сингапур Улсын Ажиллах хүчний сайд Тан Сий Ленгтэй 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзлаа.
 
Т.Аюурсайхан сайд чадавх, үр дүнд суурилсан цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, албан бус эдийн засгийг албан эдийн засагт шилжүүлэх чиглэлээр Сингапур Улсын Ажиллах хүчний яамтай хамтран ажиллах саналыг дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
 
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ажиллах хүчний сайд Тан Сее Ленг Ази, Номхон далайн бүсийн 17 дугаар ээлжит чуулганд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч нийгмийн түншлэлийн талуудыг хамруулан бүрэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад талархал илэрхийллээ. Монголын талаас хамтран ажиллахаар дэвшүүлсэн саналууд бүгд ач холбогдолтойг дурдаж улмаар хоёр улсын холбогдох яамд хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Эх сурвалж: ХНХЯ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ажиллах хүчний сайд Тан Сее Ленгтэй уулзав  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй