Шууд Chart

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022-12-16 09:20:36

УИХ-ын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 13-нд явуулсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Н.Учрал, Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Э.Батшугар, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, УИХ-ын дарга Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Уул уурхайн биржийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн бүтцэд ажиллуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг олон нийтээс буцаан худалдан авч дахин хуваарилах, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд нэмж олгох талаар ямар боломж байгааг тодруулсан юм. Үүнд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эдийн засгийн эргэлтэнд ороогүй, хаалттай хэвээр байгаа. Хэрэв компани өөрөө санаачлаад, хувьцаагаа идэвхжүүлэх, дахин хуваарилах бол эргүүлж худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж болдог гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал биржийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог хангах талаар асууж тайлбар авсан бол гишүүн Д.Тогтохсүрэн арилжаанд оролцогчид хөрш орнуудын болон дэлхийн биржүүд дээр, мөн олон улсын арилжаа эрхлэгчид Монголын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр гарах боломжтой эсэх, мөн Монголын нүүрсний чанар олон улсын стандартад нийцэх эсэхийг лавлаж, харин гишүүн Т.Аубакир Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны платформын хурд, хүчин чадлын талаар тодруулга авсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд О.Батнайрамдал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар гишүүдийн асуултад тодорхой тайлбар өгсөн юм. Хуулийн төсөлд уул уурхайн бирж төрийн өмчийн оролцоотой байхаар заасан бөгөөд хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа технологи хөгжүүлэгч нартай хамтран ажиллах боломж нээлттэй байхаар зохицуулж буй юм. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжаанд гадаад, дотоодын ямар ч худалдан авагч оролцох боломжтой тус биржийн ашиглаж буй Millenium IT программ хангамж дэлхийн томоохон биржүүдэд хэрэглэгддэг бөгөөд арилжааны зохих шаардлагад нийцсэн ажээ.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өмчлөл, засаглал, техник эдийн засгийн үндэслэлийн талаар лавлаж, авлигаас сэргийлсэн механизм хуулийн төсөлд оруулсан эсэх талаар асуув. Мөн нүүрсний хилийн үнийн тухай, алт, зэс зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний биржийн арилжааг хэзээ эхлүүлэх, бирж байгуулахад гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуулт тавилаа. Үнийн асуудлыг мөн гишүүн М.Оюунчимэг, Т.Энхтүвшин нар ч нэмж асуусан юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд арилжаалж, нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэлээ хангаад байгааг болон Уул уурхайн бүтээгдэхүүний бирж мөн төрийн өмчийн оролцоотой, олон нийтийн, нээлттэй компани байна гэдгийг тайлбарлалаа. Биржийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хараат бус гишүүд байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт өгөв. Өчигдөр /2012.12.14/ болсон Засгийн газрын хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд энэ журамд цахимаар арилжаалах нүүрсний үнийг эхэндээ олборлон борлуулагч тал санал болгохоор заасан бөгөөд цаашдаа хуулийн дагуу Уул уурхайн бирж зарлах юм. Ингэхдээ хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлахаар төсөлд тусгаад байгаа юм.

Түүнчлэн гишүүн Э.Батшугар дериватив гэрээний арилжаа болон шорт селлинг буюу бүтээгдэхүүний үнэ савлагаатай байх үед хийгддэг богино хугацаатай хэлцлүүдээр арилжаа хийх боломж бий эсэх, мөн зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргээс сэргийлэх талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэхийг асууж, хариулт авсан юм. Ажлын хэсгийн мэргэжилтнүүд Уул уурхай уурхайн биржийн арилжаанд эхний ээлжинд спот, форвард гэрээний хэлбэрүүд буюу шууд арилжааны хэлцлүүд илүүтэй хэрэглэгдэнэ гэсэн таамаглалтай байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн дурдав.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гаргаж, цөөнх болсон зарчмын зөрүүтэй саналаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татаж авлаа. Энэ нь Уул уурхайн биржийн 66-аас доошгүй хувь нь төрийн өмчлөлд байх тухай санал байсан юм. Гэхдээ тэрбээр саналаа 34 хүртэл хувь гэж өөрчлөх нөхцөлөөр татсан бол гишүүн Т.Энхтүвшин мөн ийм саналтай байсан бөгөөд биржийн хувьцааны 66 хувийг олон нийтэд санал болгох ёстой гэлээ. Харин гишүүн Б.Пүрэвдорж 51 хувийг төрдөө үлдээж, 34 хувийг олон нийтэд арилжаалаад, 15 хувьд нь Лондоны үнэт металлын, Далианы таваарын бирж гэх мэт стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсний дээр биржийн арилжааг төгрөгөөр хийх нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний валютын үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тус Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Зарим нэр томъёог жигдэлж тодорхой болгох, биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалахад спот, форвард болон фьючерс, опцион гэсэн дөрвөн төрлийн гэрээ байгуулж, арилжааны гэрээний хариуцлагыг брокер хариуцах, төлбөр тооцоог үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгэх ба спот, форвард гэрээний хувьд дотоодын арилжааны банкаар гүйцэтгэж болох, спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүнийг биржийн итгэмжлэгдсэн терминалд байршуулах, бүртгэх,  мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар шинэ заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй 40 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй