Шууд Chart

Айл бүрт аз жаргал, дурсамж бэлэглэх шинэ жилийн баярын хөтөлбөрүүд

2022-12-27 09:31:50

Монголын сонсогч, үзэгчид Монголын үндэсний олон нийтийн радиотой 89 дэх, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй 56 дахь шинэ жилийн баяраа угтан авах гэж байна. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй холбоотой олон сайхан дурсамжууд байдаг болов уу.

“Мандарин” хөтөлбөр он дуустал орой бүр үзэгчдэд хүрнэ

Хүн бүрийн хүсэн хүлээдэг дурсамж дүүрэн шинэ жилийн баяр хаяанд иржээ. Хамар цоргим мандарины үнэрт, хамгийн тод саа чимэглэл дунд, халуун ам бүлээрээ ширээ тойрон суух тэр л торгон мөчид шинэ жилийн "Мандарин" хөтөлбөр үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. “Мандарин” хөтөлбөр өнөөдрөөс эхлэн орой бүр 22:00 цагт, 31-нд 21:30 цагт айл бүрийн гэрт зочлох болно.

Улиран одож буй 2022 оны онцлох үйл явдлыг оны сүүлийн өдөр үзэгчдэд хүргэнэ

Албан байгууллагууд, айл бүр, хүн болгон дор бүрнээ улиран одож буй оныг дүгнэдэг. Эрхэм үзэгч та бүхэн Монгол Улсын 2022 оны онцлох үйл явдлуудыг оны сүүлийн өдөр буюу энэ сарын 31-нд 20:00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизээр хүлээн авч үзээрэй.

Шинэ жилийн баярыг “Баярын мишээл”-гүйгээр төсөөлөхийн аргагүй

Шинэ жилийн баярыг МҮОНТ-ийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчид “Баярын мишээл” нэвтрүүлгээ 52 дахь жилдээ үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Энэ хугацаанд үзэгчид төдийгүй урлаг соёлын алдартнууд ч жил жилийн “Баярын мишээл” хөтөлбөрийг тэсэн ядан хүлээдэг болсон билээ. Оны сүүлийн өдөр 22:45 цагт “Баярын мишээл” хөтөлбөр үзэгчдэд хүрнэ.

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”

Хүүхэд насны хүсэн хүлээдэг, орохыг, үзэхийг мөрөөддөг “Харшийн сүлд модны наадам” 2023 оны эхний өдөр буюу энэ ням гарагт 11:30 цагт үзэгчдэд хүрнэ. Хэдий том болсон ч “Харшийн сүлд модны наадам”-ыг үзсэн хэн бүхэн хүүхэд насныхаа дурсамжаар аялан, хэсэгхэн хугацаанд ч болтугай “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр” зорчдог.

“Хөхрөлдөөнд хөлддөггүй хөх асар, хөлгүй тэнгисийн найм дахь гараг”

“Хөхрөлдөөнд хөлддөггүй хөх асар, хөлгүй тэнгисийн найм дахь гараг” монгол цирк өнгөрсөн намар олон улсын циркчидтэй хамт, дэлхийн түвшний үзүүлбэрүүдийг бүх насны үзэгчдэд өргөн барьсан билээ. Үзсэн хүн бүрт баяр жаргал бэлэглэж сэтгэлийг нь уясан, үзэж амжаагүй хүн бүрийн сэтгэлийн утсыг татсан “Браво” олон улсын циркийн тоглолт 2023 оны нэгдүгээр сарын 1-нд 16:20 цагт үзэгчдэд хүрнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Айл бүрт аз жаргал, дурсамж бэлэглэх шинэ жилийн баярын хөтөлбөрүүд  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй