Шууд Chart

Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлын хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ

2026-07-20 15:23:48

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахимаар хуралдав. 

Тус хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар оролцож, орон нутгийн удирдлагуудад санал хүргүүлж, асуултад нь хариулав. 

Хуралдаанаар Ерөнхий сайд аймаг, нийслэлийн удирдлагад дараах асуудалд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Үүнд: 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг холбогдох сайд нартай хамтран  нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхаарууллаа. 

Тогтоолд: 

·Аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг, аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны хэмжээг тогтоосон,

·Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг бүрдүүлж, тусгай зориулалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т, мал, амьтны халдварт, болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

·Улсын тусгай хэрэгцээний газарт малчдыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т,

·Ургацын урьдчилсан балансыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад,

·Ургац хураалтын ажилд мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, үүнтэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тэдгээрийн цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт,

·Хүнсний улаанбуудайн стратегийн болон 2027 онд тариалах үрийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад,

·Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл бүхий хилийн боомтуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т, бараа, бүтээгдэхүүний хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл), Ургамал хамгааллын газар (Э.Уламбаатар)-т тус тус  үүрэг болгосон юм.

·10 аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг яаралтай шинэчлэн ажлыг үргэлжлүүлэх, дулааны эх үүсвэрийн хомсдолд орсон зарим аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дулааны цахилгаан станц барих ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.  

Мөн аймаг, сум бүр өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг шинэчлэн гаргаж, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах. Түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн стратегийн нөөцийг бүрдүүлж, алслагдсан сумдад хүргэх тээвэр ложистикийн бэлтгэлийг урьдчилан хангах.  Аймгийн төв болон сум, суурин газрын дулааны станц, халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг есдүгээр сарын 01-нд бүрэн дуусгаж, хэрэгцээт түлш, нүүрсийг нөөцлөх арга хэмжээг зохион байгуулах. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг 2026-2027 оны галлагааны улиралд сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангахад  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, 21 аймаг, есөн дүүргийн ажлыг хүнд суртал хэрхэн бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ гэдгийг онцлов. Мөн аймаг орон нутгийн өмнө тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлүүлэх 2-3 асуудлаа албан бичгээр илгээж, маргааш Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэдгийг хэлэв. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдийн тэргүүлэх зорилт болгон, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сард УИХ-д өргөн барих тул аймаг орон нутгийнхан олон жил хүлээгдсэн ажлуудаа дуусгахад анхаарч саналаа өгөх хэрэгтэйг хөндөв.

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд  Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавьж,  биечлэн очиж шалгах бөгөөд ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллана.  Мөн холбогдох сайд нар аймгуудад очиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болов. 


Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлын хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ   
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй