Шууд Chart

Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-12-30 16:26:57

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр, Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүйгээр нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсний дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдах хүртэл хугацаанд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн хуулиар зөвшөөрлийн харилцааг зохицуулахаар тусгасан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн санаачлан боловсрууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналыг дэмжсэн бөгөөд хуулийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй