Шууд Chart

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ

2022-12-30 16:29:24

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Төслийн танилцуулгадаа Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 оны 3 дугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 1,358.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 778.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй, гадаад валютын албан нөөц 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,935.1 сая ам.доллар болж оны эхэн үетэй харьцуулахад 1,010.0 сая ам.доллароор буураад байгааг дурдав. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2022 оны эхний 11 дугаар сард 14.4 их наяд төгрөг буюу 98.5 хувийн гүйцэтгэлтэй, нийт зарлага 15.5 их наяд төгрөг буюу 88.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ.

Сангийн сайд, “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээ"-ний хүрээнд авч ашиглах 100.0 сая ам доллартой тэнцэх хэмжээний зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Засгийн газрын нэмэгдүүлэх өрийн дээд хэмжээнд нийцэж байна гээд, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх ба Баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.81 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй байна хэмээсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжижг 70.0 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээ”-ний хүрээнд ямар арга хэмжээ авах талаар тодруулж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, 100 сая ам.долларын зээлийг юунд зарцуулагдах вэ. Үнийн өсөлт, инфляцын өсөлтөд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ хэмээн тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлан""Энэ зээл болбол цэвэр мөчлөг сөрсөн буюу төсвийн дэмжлэг юм. Төлбөрийн тэнцэл дээр бидэнд одоо валют юу юунаас илүү хэрэгтэй байгаа юм. Зээлээр орж ирэх төгрөгийг төсөвт, валютаа Төв банкны валютын нөөц дээрээ аваачиж тушаах ийм л зарцуулалттай. Ямар нэг төсөл, арга хэмжээ, бондын эргэн төлөлт огт биш юм" гэсэн хариултыг өгсөн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.


Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй