Шууд Chart

Нийслэл & бонд

2014-07-09 16:55:11

Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй гаргасан. Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учир Засгийн газрын өрд тооцогдож байгаа. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банк” бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл, хариуцлагыг нь Засгийн газар хүлээх юм. Засгийн газрын өрд тооцогдож буй энэ бондын төлбөрийг манай улс  2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх ёстой. Монгол Улсыг төлөөлж дэлхийн зах зээлд гаргасан анхны бонд энэ бол, Засгийн газар өөрийн нэрэмжит бондыг 2012-2013 оны заагаар гаргасан юм.

Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэг тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатай 5.1 хувийн хүүтэй гаргасан.  Харин 2013 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй гаргасан байдаг. Таван жилийн хугацаатай бондын төлбөрийг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, 10 жилийн хугацаатай бондын төлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд хийх ёстой. Төлөх хугацаа нь өдөр өдрөөр ойртож байхад, Засгийн газар “Чингис” бондоос босгосон 1.5 тэрбум долларын орлогоо төсөл хөтөлбөрт нь зарцуулж дуусаагүй, хүүгийн төлбөрт орж суугаа нь нууц биш.

Ийм байтал, Засгийн газар “Самура” хэмээн нэрийдсэн 30 тэрбум иений бондыг Японы зах зээлд гаргах нь тэр. Бондын орлого 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Ингэхдээ 24 тэрбум 250 сая иений орлого манай улсад орж ирсэн юм. Дундаасаа 5.7 тэрбум иен дутсан энэ бондын эрэлт гарахад, Японы хамтын ажиллагааны банкны баталгааны төлбөрт суутгуулсан болж таарсан. Дундаасаа сох дутсан энэ бондыг 2014 оны эхээр гаргасан гэж албаныхан мэдэгддэг ч,  төлөх хугацааг нь харвал өнгөрсөн оны сүүлчээр гаргасан байх магадлал өндөр  байгаа юм. Уг бондын төлбөрийг манай улс 2023 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийх учраас ингэж хэлж буй.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк 580 сая долларын бонд, Засгийн газар 1.5 тэрбум долларын “Чингис” бонд, хамгийн сүүлд 290 сая долларын “Самура” бонд гаргалаа. Өөрөөр хэлбэл, нийт 2 тэрбум 370 сая ам.доллартай тэнцэх бондыг өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлд гаргаад байна. Гэтэл араас нь НЗДТГ нэмж бонд гаргах тухай ярьж эхэллээ. УИХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын найманд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталсан. Үүнд шаардагдах 25 гаруй их наяд төгрөгийн эх үүсвэрийн тодорхой хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгажээ.
Ингэхдээ, улсын төсвөөс санхүүжүүлэх хэсгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлж байхаар болсон байна. Гэхдээ, холбогдох хүмүүс үүнийг улсын төсвөөс гаргах бололцоогүй.  Дээр нь Улаанбаатар хотыг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэхэд нийслэлийн төсөв хүрэлцдэггүй. Тухайлбал, метро барихад 1.5 тэрбум доллар шаардагдаж байхад, гэр хорооллыг дахин төлөвлөхөд 225 сая доллар шаардагдах жишээтэй. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөхөд 225 сая долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээлэхээр яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байна. Харин бусад төслүүдийг санхүүжүүлэхийн тулд НЗДТГ олон улсын зах зээлд бонд гаргах нь оновчтой гэж үзжээ. 

Тиймдээ ч, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн бондын журмыг саяхан хэлэлцэн баталлаа. Гэхдээ журам баталлаа гээд бонд гаргачихгүй, ингэх ч бололцоо одоогоор хомс байна. “Хөгжлийн банк”-ны, “Чингис”, “Самурай” гэсэн гурван бонд дэлхийн зах зээлд гаргаж, 2 тэрбум 370 сая доллар босгосон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд  шүргэж байна. Гэтэл төсвийн тогтвортой байдлын тухай хуульд, улсын өр энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй гээд заачихсан. Улсын өрд нийслэлийн өрийг ч давхар тооцдог хуулийн заалт бий. Тиймээс ч, Засгийн газрын тавьсан өрөөс болж, нийслэл бонд гаргах “цоорхой” олдохгүй байгаа юм.

Нийслэл бондыг гаргахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, нийслэлийн өрийг улсын өрөөс хасч тооцуулах хэрэгтэй болно. Гэвч энэ хуульд өөрчлөлт оруулах эсэх нь эргэлзээтэй байсаар байна. Нөгөө талаас “нийслэл” бонд гаргахын тулд зээлжих зэрэглэлээ эцэслэн тогтоолгохоос гадна, Сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл сангийн яам зөвшөөрөл олгохгүй байгаа гэх мэдээлэл байна. Үүнээс гадна, бонд гаргахын тулд нийслэл өөрийнхөө хөрөнгийг тоолох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, нийслэл бонд гаргаж санхүүжилт босгохын тулд, барьцаа болон баталгаа хэрэгтэй. Тиймээс ч нийслэлийн өмч, хөрөнгийг тоолж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ийнхүү бонд гаргахаар төлөвлөж байгаа ч, бэлтгэл ажил хангалтгүй, дээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль буюу өрийн хязгаар чөдөр болж байна.
 

Нийтэлсэн: А.Энхтуул

Нийслэл & бонд   
Үзсэн: 2578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй