Шууд Chart

У.Баярсайхан

МЗЭ-ийн гишүүн. яруу найрагч, сэтгүүлч


Ж.Шийтэрийн догшин зээрд азарга

2023-02-06 10:18:36

Төв аймгийн Баян сумын харьяат Цэрэнпилийн Дондов гээч нэгэн өвгөнтэй танилцаад хэдэн жил болж байна. Дондов гуай Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын их уяачдын тухай хууч хөөрнө. Тэрбээр улсад айраг, түрүү аваагүй ч дулаан Дамдинжав, Баянгийн Н.Пүрэв, бүдүүн Жамц, Ж.Шийтэр, Д.Гал гээд олон алдарт уяачтай хамт морио уралдуулж нэг уяанд, ойр саахалт явжээ. Одоо ер гаруй наслаад байгаа Баян сумын Н.Пүрэв гуай онцгой сайн уяач юм гэдэг.

Ж.Шийтэр гэдэг агуу хурдан азаргатай, архи их уудаг хүн байсан тухай олонтаа сонсчээ. Харин Дондов гуай хамт морь уяж явсны хувьд Жамцын Шийтэр гээч уяачийн тухай ингэж ярив.

1954 онд юмсан Шийтэр гуайнх, Баянцагааны Дагдангийнх, манайхан Дуут гээч газар айл бууж морь уялаа. Шийтэр гуайн зээрд азарга их дошгин булгина гэж тамтаггүй амьтан байв. Түүнийг багад нь хэд хэд уясан боловч дандаа хадуураад олигтой давхиагүй. Нэг жил соёолон азарга уяж дулаан Дамдинжав гуай үзээд "За хө, Шийтэр ээ, чиний зээрд азарганы өрөөсөн талын зооны мах татуу юм байна. Нас нийлээд давхина" гэжээ.

Шийтэр дошгин зээрд азаргаа долоон настай уядаг жилээ нэг өдөр хөлслөхөөр яваад бүр богшоож орхив. Маргааш нь зээрд азарга хойшоо ч, урагшаа ч доголоод байв. Газар гүн зоосон мунан гадаснаас өрөөлдөөд аргамжчихсан түүнийг нөгөө муу эмнэг зээрд гээд тоох хүн ч бараг байдаггүй байв. Энэ хөллөгөө бас учиртай. Хэрэв уяанаас уях юм бол нэг хэсэгтээ урд хоёр хөлөөрөө уяаны хэц самардаад цээжээрээ түрж уяа авахуулдаг муу зантай юм. Тэр жил Баянцагааны уяачид Авдарбаянд манайхантай нийлж сунгаан хийв. Сунгаанд Данигайн Гомбосүрэнгийн хээр азарга түрүүлж Шийтэрийн зээрд аман хүзүүдэж, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор улсын наадмын соёолонд түрүүлсэн Дагдангийн Бор манай хар азарга дараа нь ирэв. Тэгэхэд Дагдан чи бид хоёрын азарга явахгүй байгаа юм байна. Шийтэрийн эмнэг зээрдийг гүйцэхгүй байгаа юм чинь яаж явах вэ дээ гэлээ. Тэр жил Бөхөгт болсон их сунгаан, улсын наадамд Гомбосүрэнгийн хээр, Шийтэрийн зээрд азарганы байр солигдоогүй уралдав.

Ингэж эмнэг зээрд азарга улсын наадамд аман хүзүүдэв. Түүний дараа жилийн наадмын Шийтэрийн зээрд азарга улсын наадмын эхний давхил Баянцагааны Замт, Бор-Өндөрт болоход Шийтэрийн ах бүдүүн Жамц гээч их уяач хүн дүүдээ "Өнөөдөр зээрд азаргаа битгий давхиулаарай. Би нэг соёолон морь авч яваа. Түүнтэй дунд давхил дээр сунгачих" гэлээ. Тэгсэн жаахан нанчид хүртээд ам халамцуу суусан Шийтэр "Би морины давхил хасдаггүй" гэв. Тэр жил Бөхөгт болсон их сунгаанд зээрд азарга тасархай түрүүлэв. Наадмын өдөр манайхан зээрд азаргаа хурдан байгаа гээд л нутаг нугаараа хараад байлаа. Тэгсэн байдагтүй. Маргааш нь Айдасын даваагаар давтал урд эрэгний амсраар хоёр шувуу шиг юм хөдлөхөд явж хүрвэл зээрд азарга тэнд яг зогссон байв. Морь унасан Танк гээч хүү эцсэн азаргаа услаад эрэгний мухарт хоножээ. Шийтэр гуай зээрд азаргаа хөтлөөд тэндээсээ нутаг буцаж нэлээд хэд хоног явж харьсан гэдэг. Түүний хойтон 1956 онд улсын наадамд Шийтэр гуай зээрд азаргаа хөтлөөд очжээ. Тэр үед халхын том уяачид Шийтэрийг урьдаггүй байж. Тэгсэн Баяндэлгэр сумын чулуун толгой Санж гэдэг хүн наадмын урьд өдөр урьжээ. Шийтэрийг очтол хоол цай хийж өгөөд шил архи ордог мөнгөн аяга гаргаад шил архи аягалаад барив. Түүнийг нь ууж орхиод байтал гаднаас арван литр монгол архи оруулж иржээ. Тэрнээс нь нэг уугаад гарах гэтэл монгол хүн гурав уудаг гээд ахиад хийж өгч гэнэ. Ингээд гурав уучихаад нэлээд согтож иржээ. Тэгсэн Санж Шийтэрийн морийг тавьж идүүл гэлээ. Тэгэхэд нь Шийтэр хэрэггүй, эмээлийг нь аваад уячих гэжээ. Шийтэр шөнө унтаж байгаад нэг юм татах шиг болоход нь сэрээд харвал айлын майханд унтаж байв. Гараад хартал морь нь уяатай харагдаж. Тэгээд мориндоо мордож майхандаа ирээд азаргаа асуусанд энэ урд Нүхтийн ам руу тавьсан гэжээ. Тэр майхны баадан дээр морио барьж зүүрмэглэж байгаад гэгээ тусангуут Нүхтийн ам руу өгсөөд хашгираад явж байтал азарга нь нэлээд дээр янцгааж байв. Яваад очсон нь азарганы нь гэдэс сайхан таарчихсан байв. Азаргаа барьж дэргэдээ байсан булгаас услаад дэл сүүлийг нь боож модноос уячихаад унтаад өгч. Азарга нь жаал унтаж амарчээ. Тэгээд азаргаа мордуулжээ. Азарга ирэхийн алдад хүмүүсийн доод талд очоод сууж байтал нэг том азарга жижигхэн азарга хоёр гараад ирж. Жижиг азарга нь байсгээд л шувтраад үүдэн хоймрын зайтай гараад явчихна. Төдхөн том азарга нь нөмрөөд ороод ирнэ. Ойртоод иртэл жижиг азарга нь Шийтэрийн зээрд байж. Азаргаа харсан Шийтэр"Ээ, төрийн минь сүлд" гээд хашхирч орхиж. Тэр үед цэргүүд морь барьдаг байлаа. Шийтэрийн зээрдийг нэг гараад ирэхэд нь түрүү морь барих цэрэг бариад авчээ. Шийтэр зээрд азарганыхаа хөлсийг хусч байтал зэрэгцээд нөгөө том азарганы хөлсийг хусч байв. Тэр нь Санжийн хонгор азарга юмсанж. Тэгэхэд Шийтэр Санжийн хонгор азарга миний зээрдээс уртаараа дэлэм хэртэй илүү, өндрөөшөө мухар тохой өндөр мундаг сайхан амьтан юм даа гэж байжээ.

Дондов гуай Шийтэрийн зээрд азарганы тухай ингэж ярьж байна. Их гоё хийцтэй, жижигхэн биедээ зохицсон тэг дөрвөлжин биетэй шантайсан зээрд азарга байв. Уяа ороод ирэхээрээ ааш зан нь зөөлрөх хандлагатай болдог. Хоног өнгөрөх тусам гэдэснээс нь дээш нь огшоож модоор зорж урлаад байгаа юм шиг дөрвөн хөл дээрээ улам босч зэнзийгээд нүд нь бүлтрэх гэж байгаа юм шиг болж ирээд их уран гоё болно. Туурай нь босоо ширхэгтэй болоод хөмөрсөн аяга шиг хумбан. Дэл шингэн, сүүл туушхан шингэвтэр адуу байлаа. Адуунаас барьсны дараа монхор Дорж, Чагнаагийн Алтангэрэл нар мордож өгнө. Сүүлдээ мордох хүн олдохгүй Шийтэр гуай эмээлтэй нь хөтлөөд хэд хоног явж заримдаа дааганы хөлстэйгөөр залуучуудыг гуйж мордуулдаг байсан. Зээрд азаргыг давхил болгонд хүн тавьж өгнө. Нэг сунгаанд намайг тавьж өг гэлээ. Шийтэр гуай хэлж байна "Чи сүүлд нь эргүүлнэ шүү. Дундуур эргүүлбэл хүүхэд булгиад хаячихна" гэв. Би сүүлд нь эргүүлж өгөөд хэсэг хөтөлж явж байгаад тавилаа. Зээрд азарганы дэл нь жолооныхоо хоорондуур чанх дээшээ босч шаширлаад яваад өглөө. Тэгээд арай дор эргүүлж хойно тавилаа даа гэж бодсоор очтол тасархай түрүүлсэн байв. Зээрд азарга илүү уяа засалгүй моринд хийдгийг л хийнэ. Өлдөнө цатгалдана гэж байхгүй баргийн алдааг тоохгүй юм юм нь таарсан адуу байлаа. Зээрд азарганы төлөөс "Отоо шүдэт" гэдэг хязаалан зээрд үрээ Ломбо гээчид худалдагдаж улсын наадамд айрагдсан юм.

Шийтэрийн зээрд Төв аймгийн 40 жилийн ойд арван наймтай очиж уралдан зургаад давхижээ. Түүний хойтон жил Баянжаргалан, Баян сумд Ёсонгийн толгой гэдэг газар наадам хийж зээрд азаргыг мордуулж, асар тойруулаад түрүү азарганы бай өгч байв. Турсан үед нь харахад далны ирмэг нь гадагшаа cap мэт ирмэглэсэн харагдаж байсан. Зээрд азаргыг гурав аман хүзүүдэхэд Баянцагааны Д.Гомбосүрэнгийн хээр, Нялга сумын Даваанэрэнгийн хүрэн халзан, Д.Галын хавчиг соёолон хээр азарга түрүүлсэн байдаг.

Зээрд азарга цатгаландаа доошоо цүдгэр гэдэстэй, нуруу нь хотгор юм шиг хээлтэй гүүрхүү харагдана. Хөнгөрөөд ирэхээрээ сүвээний хавирга ташаан толгойгоо давж харагдана. Толгой дээгүүр цогногор маягтай давхина. Арынхаа мориноос хичнээн хол тасархай ирсэн ч тэр хоёрын хоорондох тоос замхардаггүй хөлийн хурдтай адуу юм. Санжаабүргийн цавьдар азарганаас энэ зээрдтэй нас чацуу бас их дошгин зээрд халзан азарга гарсан юм. Түүнийг Баянжаргалангийн өндөр Цэрэндорж авч азарга тавьсан юм. Одоо түүний удам Сэргэлэнгийн хулгар Нарангэрэлд байна. Зээрд азарганы тухай ярихад ийм байна.

Жамцын Шийтэр гуай угийн баян, хурдтай айлын удмын хүн. Дээр үед Зогсоол Бүрд гэдэг газар Ар Монголын долоон хутагтын наадмыг Манзшир гэгээн толгойлж хийхэд түүний эцэг болох атигар Мөрдондог зайсангийн хурдан зээрд морь аман хүзүүдэж байсан юм гэнэ билээ. Шийтэр гуай өөрөө ч баян байв. Тэдний адуунд олон сайхан морьд байсан. Гэвч наадамд ганцхан азаргаа хөтлөөд унааны хоёр морьтой яваад өгнө. Түүнийг их архичин байсан гэдэг нь худлаа юм. Зээрд азаргаа улсын наадамд найм уралдуулахдаа дөрөв түрүүлгэж, гурав аман хүзүүдүүлж, нэг мулталсан юм.

Шийтэрийг азарганыхаа хөлсийг хусаад зогсож байхад нь нутгийн наадамчид морь хүн хоёрт баяр хүргэж шил архитай ар араасаа цуваад өгөөд байдаг байлаа. Тэр болгоноос балгаад л буцааж өгөөд байна. Тэгээд майхандаа очихдоо согтсон байдагсан. Наадам тараад нутаг буцахад нь зам зуурт тааралдсан айл болгон хурдан азаргатай баян хүнд чинь байгаа юмаа өгнө. Түүнээс биш одооны архичидтай адилхан алиа алдсан архичин байгаагүй.

Тэр адуунд үнэнхүү дуртай, адуу малтай зөв тэгш сайхан харьцдаг байлаа. Түүний дэргэд морь чөдөрлөхдөө ч гологдоно. Үгүйдээ л "Чи наад шилбэний нь шавар шороог арилга, чөдөрийнхөө хоёр алгыг зөв харуулж чөдөрлө" гэнэ. Морь эмээллэж байхад дэргэд ирээд чи наад эмээлээ ав гээд морь эмээллэхийг зааж өгөхдөө "Морины эмээлийг хур дэлэн дээрээс нь хойш дал руу нь гулсуулж тавихад тохомны дор үс сөрж бөөгнөрдөггүй юм. Босоо үсэн дээр нь нугалаад тавьчихаар үс нь бөөгнөрч харцагаа амархан дарна" гэдэг байв. Давхиулахаар мордуулж байгаа морины олом татахад ч түүний санаанд нийцэхэд бэрх, заавал ирж үзнэ. Аймхай мөгөөрсийг нь тааруулаад татчихаж, олом татдаг хавирганы нэг, хоёр хавирганы наагуур татсан байна гээд зөвлөдөг байлаа. Түүний унасан ямар ч морь няцарч муухай болохгүй. Морь сайхан уургалдаг адуунд онцгой хүн байсан юм. Одоо түүний адууны голомт, зээрд азарганы хазаар бусад эд өлгий нь хүү Цэрэнбалдирынд байдаг байх.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Шийтэрийн догшин зээрд азарга   
Үзсэн: 2208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй