Шууд Chart

Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

2023-02-06 11:43:27

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар тоот тушаалаар баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн хоёр дахь хурал өнгөрөгч 3-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд болов. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн анхны хурлаас хойш Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын албанаас зохион байгуулсан ажил, хуулийн төсөлд салбар нэгжүүдээс өгөх санал, иргэд, тамирчин, дасгалжуулагч, арга зүйч нарын бодлыг сонссон тухай танилцуулга хийлээ. Тухайлбал, 2022 оны 1 дугаар сарын 24-ний өдөр “Спортын салбарын төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын хувийн хэвшлийн тулгамдсан асуудал, бэрхшээл, цаашид авах арга хэмжээ, хуулийн төсөлд тусгах санал зэргийг компани болон спорт холбоодын удирдлага болох 20 гаруй төлөөлөгчтэй хэлэлцэв. Мөн Сонгинохайрхан, Баянгол болон Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны ажил байдалтай газар дээр нь танилцаж биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд тусгах, эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцож, ажилтнуудад тулгамдаад буй нийгмийн хамгааллын талаар ярилцжээ. Дүүргийн спорт байгууллагуудын санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг хамтран шийдвэрлэхээр тогтож, ажил хэрэгч уулзалтууд болов.

Хоёрдугаарт, одоогоор үйлчилж буй Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан санал дүгнэлт, тодорхой заалтуудад хийсэн үр дагаврын үнэлгээ, хөндлөнгийн байгууллагын хийсэн нийтийн биеийн тамир, спортын тухай иргэдийн ойлголтын тандан судалгаа болон салбарын олон улсын харьцуулсан судалгаа зэрэгт дүн шинжилгээ хийсэн тухай ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Ажлын хэсэг Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг судалж, үзэл баримтлалын түвшинд шинэтгэл хийх практик шаардлага байна гэж үзсэн тул ажлын хэсэг нь дараах 4 чиглэлээр нарийвчилсан судалгаа хийхээр тогтлоо.

- Одоо үйлчилж байгаа хууль нь УИХ-аар баталсан “Алсын хараа 2050”, УИХ-ын Байнгын хорооноос боловсруулсан нийтийн биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлогод хэрхэн нийцэж байгааг судлах,

-Нийгмийн бусад чиглэл /соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол/-ийн хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэй харьцуулах,

-Олон улсын ижил төстэй хуулийн харьцуулсан судалгаа хийх,

-Идэвхтэй хөдөлгөөн, амьдралын хэв маяг хэвшүүлэх бодлогын суурьтай хуулийн шинэ үзэл баримтлал боловсруулах зэрэг эдгээр чиглэлээр зохион байгуулалт, үүрэг даалгаврыг ажлын хэсгийн гишүүдийн дунд хуваарилж өгчээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй