Шууд Chart

Манай улсын эрэн хайх, аврах баг Турк улсыг зорилоо

2023-02-08 07:11:46

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын ахалсан ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдаас бүрдсэн Эрэн хайх, аврах бүлгийн баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 04 цаг 34 минутад Турк улсыг зорилоо.

Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх тус баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байхаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсэн. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ. Мөн Засгийн газраас шийдвэрлэсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх юм.

Аврах багийн бүрэлдэхүүн нь  5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадны улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй алба хаагчдаас бүрджээ. Тэдгээрээс хоёр нь эмэгтэй алба хаагч юм.

БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай "Марта", 3 настай "Балу" дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. "Марта" нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан аж.

Мөн цаг үеийн байдлыг халуун цэгээс нь мэдээлэхээр МҮОНРТ-ийн сурвалжлах баг тэдний хамт хөлгийн жолоо заллаа.


Манай улсын эрэн хайх, аврах баг Турк улсыг зорилоо  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй