
Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын хоёр талт дээд хэмжээний уулзалт маргааш Парис хотод болно.
Хоёр улсын удирдагчид сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа уулзахдаа Брекситийн дараах худалдааны маргаан, АУКУС цэргийн эвсэл, хууль бус цагаачлал зэрэг хэд хэдэн чухал асуудлаа хөндөхөөр төлөвлөж байна.
Дээд хэмжээний уулзалтыг угтан Лондон, Парисын харилцаа Британи улс Европын холбооноос гарснаас хойш нэлээд хөрснийг шинжээчид тэмдэглэж байна.
2021 онд Лондон, Вашингтон, Канберра “АУКУС” хэмээх цэргийн эвсэл байгуулж, энэ хүрээнд Австрали улс францчуудтай байгуулсан “зууны гэрээ” болох 66 тэрбум долларын өртөгтэй, атомын 12 шумбагч онгоц худалдан авах гэрээгээ цуцалсан.
Энэ үйл явдлыг Франц улс “ар нуруунд нь хутгалсан үйлдэл” гэж үзээд, Ла-Маншаар дамжуулдаг цахилгаан эрчим хүчээ зогсооно гэж Британийг сүрдүүлсэн юм. Гэтэл үүн дээр Их Британи улс Жерси арлын ойролцоо францчуудад олгодог загас агнуурын зөвшөөрлийнхөө тоог хязгаарласан нь хоёр улсын харилцаанд дахин сөргөөр нөлөөлжээ.
Хоёр улсын удирдагчдын хувьд Украиныг хамтдаа дэмжиж байгаа нь үзэл санаа нэг байгаагийн илрэл гэж үзэж байна. Францын Төрийн тэргүүн, Британийн Ерөнхий сайд нар Украиныг цаашид дэмжиж, туслах үүрэг хүлээх нь дээд хэмжээний уулзалтын зорилго нь гэж Франц дахь Британийн Элчин сайд Менна Роулингс зарласан байна.
Украинаас гадна хоёр улсын Төрийн тэргүүний өмнө шийдвэрлэх шаардлагатай болсон бас нэг асуудал нь хоёр улсыг холбодог Ла-Маншийн хоолойгоор дамжих хууль бус цагаачлалын асуудал гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.
Хэдэн жилийн өмнө британичууд Францын хилчдийг санхүүжүүлж, 150 километр үргэлжилсэн хилийн шугамаа хамгаалуулсан боловч хууль бус цагаачдын урсгал татраагүй. Үүнд британичууд францчуудыг буруутгаж байжээ.
Эцэст нь, Европын холбооноос гарсантай холбогдуулан Лондон өнгөрсөн хавар орогнол хүсэгчдийг Руанда руу шилжүүлэх маргаантай журмаа танилцуулсан байна.
Европын хүний эрхийн шүүх үүнийг хүний эрхийг зөрчсөн үйлдэл гээд хориг тавьсан байна. Өнгөрсөн онд л гэхэд Британид Ла-Маншаар дамжин 45.7 мянга гаруй хүн орж иржээ.
Британийн Ерөнхий сайд Риши Сунак Парист айлчлахаас гурав хоногийн өмнө тэнгисээр дамжин орж ирсэн хууль бус цагаачдад орогнох эрх олгохгүй, богино хугацаанд баривчилж, цаашид Хаант улсад орж ирэх эрхгүй болгох шинэ хуулийн төслөө танилцуулсан.
Энэ асуудлаар тэрбээр Францын Төрийн тэргүүнтэй тохиролцоо хийж магадгүй. Гэхдээ Франц улс өнгөрсөн онд Британиас хоёр дахин олон дүрвэгч хүлээн авсан болохоор энэ асуудалд тусалж чадахгүй байх магадлалтай гэж шинжээчид үзжээ.
Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар маргааш уулзана | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.