Шууд Chart

Олондоо хүндлэгдсэн “Ориг Ариунаа”

2023-03-29 08:32:01

Энэ удаагийн дугаарын зочинтойгоо уулзахаар цаг товлон явж очвол дүрэмт хувцсаа жимбийтэл өмсөж, энгэртээ одон тэмдэг гялалзуулсан нэгэн эмэгтэй угтав. Харагдах байдлаараа ахмадуудын эгнээнд шилжих нас нь болоогүй гэмээр түүнээс дугаарын зочин маань мөн эсэхийг тодруулбал, “Тиймээ та, саяхан надтай утсаар ярьсан шүү дээ. Би ч яриа хөөрөндөө маруухан хүн. Манай энэ хэд л ярилцлага өгч чадна гэж шахаад” хэмээн ярих зуураа ус ундаа, чихэр, жимс торноос гарган яах ийхийн зуургүй ширээ засав. Яг энэ үеэр түүнээр ярилцлага өгүүлэх хүсэлтийг анх гаргасан хүн ч ороод ирлээ. “Хэдхэн минутын ярилцлага хийх хооронд ширээ засуулж түвэг удаад яах нь вэ?” гэвэл “Санаа зоволтгүй ээ. Манай Ариунаа эгч угийн ийм хүн. Ямар ч ажил байсан нэгэнт хариуцаж авсан л бол гүйцэтгэлийг тултал хийнэ. Өчүүхэн ч өө сэв үлдээхгүй нягт, нямбай зангаараа биднийг хол орхино шүү дээ. Ийм л хүн учраас сонинд бичээд өгөөч гээд байгаа юм” хэмээв.

Түүнийг Сүхийн Ариунаа гэдэг. Зорчигч тээврийн төвд явуулын тасалбарын нярваар ажилладаг бөгөөд УБТЗ-д 28, улсад нийтдээ 38 дахь жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж буй аж. Хамт олон нь түүнийг “Ориг Ариунаа” хэмээн дуудна. Учир нь, Ариунжаргал, Ариунтуяа гэхчлэн нэр нэгтэй хүмүүсийн чихийг сортолзуулах тохиолдол гарахад “Урд хойноо ямар нэгэн чимэг зүүлтгүй “Ориг Ариунаа” нь би шүү” гээд нэг удаа хэлчихсэн нь ийнхүү дахин хэзээ ч андуурагдахгүй хоч нь болсон гэх...

Хөргийн маань эзний талаар мөр зэрэгцэн ажиллаж байгаа мэргэжил нэгтэн Ц.Энхбаяр “Ээж маань өртөөний жижүүрээр ажилладаг байлаа. Тийм ч учраас би хүүхэд байхын нь л Ариунаа эгчийг танина. Тэр намайг жаахан байхад л ийм гоё цэмцгэр хүн байсан. Одоо ч тэр хэвээрээ. Түүнтэй би  15 жил мөр зэрэгцэн ажиллалаа. Энэ хугацаанд бие биенээ бүр ч илүү таньж дотноссон. Ер нь, би Ариунаа эгчийнхээ улаан фэн нь шүү дээ” хэмээн нэмж магтсан юм.

С.Ариунаа уг нь тэс өөр салбарын хүн. 1980 онд наймдугаар ангиа төгсөөд тухайн үеийн ЗХУ-ыг зорьсон байна. Улмаар, 1984 онд худалдааны мэргэжлээр төгсөж ирэнгүүтээ Дорноговь аймагт мэргэжлийнхээ дагуу гурван жил ажиллах албан томилолт гарджээ. Энэ тухайгаа тэрбээр, “Миний үеийн залуус ч өнөөгийнх шиг говьд ажиллахдаа дуртай биш байлаа. Гэхдээ нэгэнт өгсөн томилолтыг яалтай билээ. Тухайн үед Сайншандад материал техникийн хангамжийн удирдах газар гэж байв. Дорноговийн бүх үйлдвэр аж ахуйн газруудын бараа материалыг хангадаг том байгууллага байлаа. Би тэнд аж үйлдвэрийн барааны чиглэлээр ажлын гараагаа эхлүүлсэн. Манайх ихэвчлэн төмөр замаар ачаа бараагаа хүлээж авдаг, ачуулдаг болохоор төмөр замчидтай байнга холбоотой, ойр дотно ажиллана. Төмөр зам намайг эрдмийн аянд мордуулсан, оюутан ахуй цагийг минь дурсамж дурдатгалтай нь хамт тээж явсан болохоор ч тэр үү энэ салбар ер нь л их дотно санагддаг сан. Ингээд томилолтынхоо хоёр жилийг ардаа орхиж “Ганцхан жилийн дараа хот руугаа буцна гэсэн гэгээн догдлолтой гүйж явлаа. Гэтэл нэгэн үдшийн цэнгээнт бүжиг намайг Сайншандад 37 жил аргамжих үндэс суурийг тавьсан юм даа. Тухайн үед Бямба гарагт хагас, Ням гарагт бүтэн амардаг байлаа. Амралтын хоёр өдөрт Төмөр замын клубт нийтийн цэнгээнт бүжиг болно. Уламлал болсон тэрхүү цэнгээн бүжиг намайг заяаны ханьтай минь учруулсан юм. Манай хүн тэр үед дөнгөж цэргээс халагдаад ирсэн, том алаг нүд, өтгөн хар хөмсөгтэй, тэвхийсэн, сайхан бор залуу байсан. Одоо бодоход бараг л анхны харцаар дурласан даа. Залуу насны сэтгэл зүрх юунаас ч илүү хүчтэй хойно Сайншандад хот руу буцах тухай бодол ч бүр мөсөн мартагдсан. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараахан манай байгууллага анх удаа хилийн худалдаа хийж эхлэв. Хоол, цайны халуун сав л гэхэд манай байгууллагаар анх удаа орж ирж байлаа. Бүх байгууллага шагналын журмаар халуун сав худалдаж авна. Ялангуяа, улаан өнгөтэй халуун сав хамгийн түрүүнд дуусчихдаг болохоор тэрүүхэндээ “арын хаалгаар” авцгаана. Манай нөхөр байсхийгээд л “Байгууллагын дарга явууллаа. Улаан халуун сав байна уу?” гэсээр ирдэгсэн. Бас саатай торго ховрын барааны нэг байлаа. Ийнхүү тухайн байгууллагадаа 10 дахь жилдээ ажиллаад төмөр замын салбар руу “урвасан” хүн дээ, би. Миний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүд Сайншанд өртөөтэй холбоотой. Манай хамт олон эвсэг найрсаг, чөлөөт цагаа хүртэл хамтдаа өнгөрүүлдэг бие биенээ маш сайн ойлгодог байсан. Удирдлагууд нь хүнээ гэсэн сэтгэлтэй болохоор ямар ч хүн ээнэгшин дасдаг юм билээ” хэмээн залуу насныхаа гэгээн дурсамжийг хуваалцав.

Гурван жилийн томилолтоо 37 жилээр сунгасан нь

С.Ариунаа 1995 онд Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд, мөнгө тоологчоор төмөр замчны замналаа эхлүүлжээ. Улмаар, явуулын тасалбарын нярвын курст суралцаж, 1997 оноос тасалбарын явуулын нярав болжээ. Энэ мэргэжлээрээ тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж буй юм. Тэрбээр зах зээлийн ороо бусгаа цаг, түүний дараах нийгмийн өөрчлөлт, орчин цагийн хөгжил дэвшил гээд Зорчигч тээврийн салбарт ёстой л “элдүүр нь” ханатлаа чанагдсан туршлагатай төмөр замчин аж. Сүүлийн 10 жилд л гэхэд тэрбээр 60 гаруй мянган зорчигчийг тасалбаржуулсан үзүүлэлттэй ажиллаж байна. Зам зуур касстай, кассгүй өртөө зөрлөгөөс олон зоригч сууна. Нэг удаагийн явалтад л гэхэд хамгийн эхний өртөөнөөс 1000 гаруй зорчигчид үйлчлэх жишээтэй гээд ажлын ачааллыг түүртэхгүй нугалж яваа явуулын тасалбарын нярвуудын нэг. Энэ онд л гэхэд одоогоор 4000 орчим зорчигчийг тасалбаржуулж, дангаараа 10 сая гаруй төгрөгийн орлогыг байгууллагадаа оруулжээ. Төмөр замчны гараагаа эхлүүлсэн үеийнхээ тухайд тэрбээр, “1990-ээд онд тасалбаргүй зорчигч олон явна. “Туулайчилдаг” нь ч их. “Замд явах үеэр галт тэргэн дээгүүр олон зорчигч гүйлддэг байлаа” гээд яривал та нар төсөөлөхгүй байх. Бид нэг вагон шалгаж байх хооронд тамбурын суфлей резиний завсраар дээш гарчихаад арын шалгасан вагон руу гүйцгээнэ. Эсвэл вагоны ариун цэврийн өрөөний цонхоор дээшээ гарна. Цагдаа нар цонхоор сүүдрийг нь харчихаад л араас нь гараад гүйдэг сэн. Зарим нь баригдана. Зарим нь амжиж бултана гээд л бөөн адал явдал. Азаар галт тэрэгнээс хүн унах, дайрагдах ч юм уу ямар нэгэн аюултай тохиолдол болж байгаагүй. Төмөр замчдын маань буян заяа түшдэг байсан юмдаг уу гэж боддог. Суфлейны завсар нуугдсан “туулай”-н нүүр, ам, хувцас хунар нь тас хар хөө, танихын аргагүй халтар юм гарч ирдэг сэн. Тэднээс айж, цочих үе ч гарна. Бас сандлын доод хайрцагт орж нуугдах тохиолдол олон. Өөрөө орж нуугдаад дээрээсээ зорчигчдыг суулгачихна. Сүүлдээ ч бид андахгүй болсон доо. Хүн байгааг нь мэдэнгүүтээ хэзээ гарахыг нь хүлээгээд л зорчигчидтой ярилцаад суучихна. Тэгэж байтал нөгөө “туулайн” тэвчээр барагдаад “Би гаръя аа” гээд л доороос нүднэ. Ямар ч агааргүй, битүү хайрцаг дотор аргагүй шүү дээ. Ганзагын наймаа ид цэцэглэж байх үед Улаанбаатар-Эрээний хооронд зорчигчид маш их ачаатай явдаг байв. Тээшийн вагонд ачаагаа өгөх тухай ойлголт ч бага байсан үе л дээ. Маш урт цүнх чирээд л явна. Түүнийгээ “Лимүзн” гэнэ. Нэг ачаа 2000 мянган төгрөгийн тарифтай. Нэг хүн хамгийн наад зах нь таван “Лимүзн” авч явах учраас ачаанд 10 мянган төгрөг төлнө. Наймаачид л юм хойно бага ч атугай хэмнэлт хийчих гээд л  ач бараагаа нуухыг оролдоно. Зарим нь бүр вагоны хаана ч хамаагүй ачаагаа тавьчихаад л өөрөө алсын бараа ширтээд суучихна. Бид “Энэ тээшний эзэн хэн бэ” гээд л дуудаад байхад дуугарахгүй. Бүр эзэн нь олдохгүй болохоор үйлчлэгчдийнхээ өрөөнд хямгадаж байж эзнээс нь төлбөрийг нь авдаг байлаа. Ногоон вагон маань ёстой буянтай шүү. Маш их ачаа шингээдэг сэн. Амгалан өртөөнд хүмүүс ачаагаа аваад буусных нь дараа харахад “Ийм их ачаа хаанаас гараад ирэв ээ” гэмээр бодол төрдөг байж билээ. Өрөөнийхөө таазаар дүүртэл “Лимүзн”-ээ тэвхдээд гэрлээ халхалчихсан тас харанхуй өрөөнд л сууцгааж байдаг сан. Шөнө ачаагаа зулж тавиад л унтацгаана. Бид ч зорчигчидтойгоо их найрамдалтай явдаг байлаа” хэмээв.

Хос харгуйд замнасан адал явдалд жилүүд

Хааяа шугам замд томилолтоор явж байхад явуулын тасалбарын нярвууд шөнөжингөө ажиллаж харагддаг. Зорчигчийн галт тэрэгний аялал ихэвчлэн шөнийн цагаар явдаг болохоор тэр байх л даа. Энэ тухайд хөргийн маань эзэн “Бид шөнийн нойр хасаж ажилладаг ч “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д ороогүй. Энэ асуудлыг байгууллагынхаа удирдлагад удаа дараа дэвшүүлсэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй л байна. Бидний үед биш юм гэхэд шинээр орж ирж байгаа залуус “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д орвол сайн сан” хэмээн сэтгэл зовинож явдгаа ч уламжилсан юм. Явуулын тасалбарын нярвууд ихэвчлэн бэлэн мөнгөтэй харьцдаг нь ажил мэргэжлийнх нь бас нэг онцлог. Ялангуяа, зах зээлийн ороо бусгаа цаг үед мөнгө дутах, их бага хэмжээний халдлагад өртөх тохиолдол гарч байсан эсэхийг асуухад “Би эхэндээ Сайншанд-Замын-Үүд хооронд 235 км замд л тасалбарын нярваар ажилладаг байлаа. Тэр үед нэг гараандаа 1.5-3 сая төгрөг, заримдаа бүр дөрвөн саятай ч ирнэ. Тухайн үеийн ханшаар маш их мөнгө шүү дээ. Ажлын хар цүнхэндээ түнтийтэл чихнэ дээ. Заримдаа цүнхэнд мөнгө багтахгүй болно. Эхний шалгалтаар л ажлын цүнх дүүрчихнэ. Дараагийн өртөө хүртэл үйлчлэгчийн өрөөнийхөө орон дээр мөнгөө тарааж тавиад л цагдаа, үйлчлэгч бүгдээрээ дэмнэн мөнгөө толгойлж, цэгцэлдэг сэн. 1, 3, 5, 10, 25 төгрөгийн дэвсгэрт ид гүйлгээнд байсан үе. 100, 100 төгрөгөөр нь багцлах гэж их ажил болдог байлаа. Шүдэнз л гэхэд 10 мөнгө, нэг төгөргөнд боодол шүдэнз авдаг цаг гээд л бодчих. Гэхдээ энэ хугацаанд мөнгө дутах асуудал нэг ч гарч байгаагүй. Хүний сэтгэл, хүн чанар гэдэг юутай сайхан.  Сайншандад байхад “Эрээн экспресс”-ийн суудал 02.00 цагийн үед Замын-Үүдээс ирдэг байв. Мөнгө тоологч маань амарчихдаг болохоор бид орлогоо гэр рүүгээ авч яваад өглөө ирж тушаадаг байлаа. Халдлагад өртөх тохиолдол нэг ч гарч байгаагүй. Тийм эрсдэл тохиолдох байсан ч хань минь баттай хамгаалж ирсэн. Ажлаас явах, ирэх бүрт манай хүн үдэн гаргаж, тосож авдаг. Тасалбарын явуулын нярвууд одоо ч ихэвчлэн бэлэн мөнгөөр л үйлчилж байгаа шүү дээ. Дээхнэ вагоны ресторанд архи зарна. Зорчигч нар вагоны голоор нүд эрээлжилтэл сүлжицгээнэ. Бүр ямар ч зорилгогүй хэрнээ вагоноос вагоны хооронд сэлгүүцнэ. Одоо бол нийгэм нь ч өөр, хүмүүс нь ч соёлтой болж байна. Вагоны дундуур сүлждэг хүн ер нь байхгүй болсон доо. Жилээс жилд л үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага дээшилж, соёлжиж. Тэр хэрээр бидний ажил ч хөнгөрч байна. Ийм сайхан цаг үеийг залгамж халаа болсон залуустаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай л явдаг юм. Эгч нь хэзээ мөдгүй тэтгэвэртээ сууллаа. Тэгтгэвэр тогтоолгох бичиг баримт маань арай бүрдээгүй болохоор энэ сарын сүүлчээр л гавьяаны амралтаа авах болов уу. Гэхдээ ингээд л тэтгэвэрт сууна гээд бодохоор сэтгэлд нэг л буудаггүй. Олон жил ээнэгшин дассан хамт олноосоо хөндийрч, гэрт сууна гэж бодохоор огт төсөөлөгдөхгүй байгаа. Байнга харилцаа холбоотой л байх болов уу. Гэхдээ л хийгээд сурчихсан ажил алба, дассан хамт олон гэдэг юугаар ч зүйрлэшгүй үнэт зүйл шүү дээ. Ээлжийн амралтын хэд хоногт л хамт олноо, ногоон вагоноо санаад байдаг юм. Залуу байхад галт тэрэгнээсээ хоцорчихоод хойноос нь гүйгээд гүйцэхгүй, хоцорлоо гэж их зүүдэлдэгсэн. Сайншандад байхад шөнө дунд л 276 дугаар галт тэргийг тосож сууна. Үүрээр 04.20 цагт Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргэнд сууна гээд тэр хооронд сайн унтаж амарч чадахгүй. Байнга л “суудлаасаа хоцорчих вий” гэж санаа зовоостой, дэн дун. Тэгээд л ийм зүүд зүүдэлдэг байсан юм болов уу” хэмээн хуучлав.

Явсан замаа тольдохуйд

Тэрбээр, “Энэ сайхан хамт олон дундаа олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг яах аргагүй ар гэр минь бүрдүүлж өгсөн. Нөхөр бид хоёр хоёулаа ээлжийн ажил хийдэг байсан болохоор бие биенийхээ ажил мэргэжлийг сайн ойлгоно. Би явуулын тасалбарын нярав болсноосоо хойш 18-20 хоногийг галт тэргэнд өнгөрүүлдэг болсон. Нарийн тооцвол сард 10 гаруй хоног л гэртээ байдаг сан. 2009 оноос Зорчигч үйлчилгээний төвд ажиллаж эхэлсэн. Сайншанд Улаанбаатараас 474 км зайтай болохоор байнга очоод байх боломжгүй. Утсаар л ярьцгаадаг байлаа. Сардаа ганц, ихдээ хоёр удаа л гэртээ харьж, гэгээн дүрээ харуулна. Хоёр талдаа амьдарна гэдэг зардал өндөр гаргахаас эхлээд амаргүй. Заримдаа нөхөр маань ээлжийн ажлаа зохицуулаад хоёр гурав хоногоор ирж биднийг эргэж тойрдог байлаа. Залуу хүмүүсийн дунд үл ойлголцол гарах л байх. Нөхөр бид хоёрын хувьд олон жил амьдарч, бие биенээ маш сайн мэддэг болохоор тийм асуудал огт гардаггүй. Ер нь, ийм амьдралын хэмнэлээр явахаар хүүхдүүд ч эрт биеэ даачихдаг юм билээ. Манайх хүү охин хоёртой. Хүү маань гаалийн мэргэжил эзэмшсэн ч жил гаруй хугацаанд ажиллаад л гадаад явсан. Одоо 30 гарч яваа том залуу тэндээ ажиллаж амьдарч байна. Охин аялал жуулчлалын менежментийн анги төгссөн. Үргэлжлүүлээд сурна л гэх юм. Нөхөр бид хоёр одоо л нэг гэртээ тухтай суухаар болж байна даа” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм. Түүний нөхөр Э.Чулуунбат Сайншанд өртөөний жижүүрээр ажиллаж байгаад 2021 онд гавьяаны амралтдаа суужээ. Түүнтэй утсаар холбогдоход, “Ер нь төмөр замчин гэр бүл бие биенийхээ ажлыг хамгийн сайн ойлгодог учраас тайван амгалан, тогтвортой байдаг гэж би боддог. Одоо ч хань бид хоёр үг хэлэхгүйгээр бие биенээ ойлгодог болж дээ. Цаг хугацааны явцад нэг хүн шиг л бие биедээ уусдаг юм байна. Явуулын ажилтай хүнийг ар гэр нь маш сайн ойлгодог байх ёстой. Тэр ч утгаараа би ханийгаа дандаа угтан авч, үдэн гаргаж ирсэн. Байнга бэлэн юм идвэл эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй учраас гараатай үед нь өөрийнхөө хэмжээнд хоол цай бэлдээд л очдог юм” гэв.

Хос харгуйтай амьдралын замаа холбож, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн эрхэм хүнтэй ярилцсан хөрөг тэмдэглэлээ энэ хүргээд жаргаая. Өнгөрсөн цаг хугацаанд түүний бүтээсэн баялаг түүх хийгээд хамт олныхоо дунд үлгэрлэж яваа эмэгтэй хүний эрхэмсэг чанар, ахмад төмөр замчны бахдам үлгэрлэл нь хамт олон болоод шавь нарынх нь хандлагаар дамжин төмөр замын салбарт арвай буудай мэт арвижин үржсээр байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олондоо хүндлэгдсэн “Ориг Ариунаа”  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй