Шууд Chart

Т.Түвшинтулга долоон жилийн дараа медалиа ихэрлүүлэв

2023-04-19 08:53:40

“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Азийн АШТ-ий сүүлийн өдөр 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Астанагийн дэвжээнд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Сардор Рузимовтой хүндхэн барилдаан хийж 4:4-өөр ялснаар шагналын тавцанд зогссон. Тэрбээр 3:4-өөр хожигдож яваад цаг дуусахаас 4 секундын өмнө чантуу тамирчныг дэвжээнээс гаргаж ялалтын оноогоо авлаа.

Бооёо 2016 онд Бангкокт болсон Азийн аваргад энэ жиндээ анхны хүрэл медалиа зүүж байсан бол долоон жилийн дараа Астанад дахин подиумд зогсч медалиа ихэрлүүлэв

Г.Ганхуяг дөрвөн жилийн дараа медалиа ихэрлүүлэв

2019 оны U23 насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг 92 кг-ын жинд хүрэл медалиар энгэрээ мялаав. Энэ нь Астанагийн дэвжээнд Монголын бөхчүүдээс хүртсэн тав дахь (эрэгтэй 3, эмэгтэй 2) хүрэл медаль болж байна. Г.Ганхуяг хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Ажиняз Сапарниязовыг оноогоор цэвэр (10:0) ялсан.

Тэрбээр 2019 оны Азийн аваргаас 86 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа жин өгсч медалиа ихэрлүүлэв.

О.Сүлдхүү Азийн аваргад анх удаа оролцоод медальтан боллоо

74 кг-ын жинд сүүлийн хоёр жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Олонбаярын Сүлдхүү Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас хоёр дахь хүрэл медалийг авчирав. Тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 22 настай түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Улаанбаатарт 79 кг-ын жинд Азийн аварга болж байсан БНСУ-ын Гон Бён Минтэй хүч үзсэн.

О.Сүлдхүү өөрөөсөө 10 насаар ах гуулин улсын туршлагатай бөхтэй ямар ч хийгүй нягт барилдаан хийж 6:0-ээр яллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Түвшинтулга долоон жилийн дараа медалиа ихэрлүүлэв  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй