Шууд Chart

Аав минь эх орон юм

2023-04-24 14:37:37

Бид хэнээс юунаас үүдэлтэй билээ дээ, ийнхүү дотогшоо бодохуй... Аав ижийнхээ тухай өр зүрх зөөлрөн нэгэн ухааныг сэжмийг олно. Хүн ер нь заримдаа ийнхүү бодож урдах хийгээд хойдох зам мөрөө нэг харж байвал зохилтой... Алив зүйлд тууштай, эвтэй, зоригтой, хүлцэнгүй гээд бүхний арга эвийг олох ухааныг бид өөрсдөө ч мэдэлгүй ааваасаа үлгэр дуурайлал болгон авчихсан байдаг юм уу даа.

Өлгийн гурван бүсэнд минь үнэг хайчилсан аавынхаа түшиг тулгуур нь болж явахсан гэж үр бүхэн тань хичээнэ. Хөх тэнгэрийн тамгатай Монгол нутгаа аргадан дуулж явах их хувь заяа танаас минь үүдэлтэй юмаа. Хөрс газрын элгэн дээр аавтайгаа хамт аж төрөхүйн сайхныг мэдэрч явах юутай гэгээн. Аавын минь амь амьсгал надаар дүүрэн цохилж, хүн байхын арга ухаан, хүмүүжил минь аавын минь бий болгосон баялаг билээ. Балчирхан наснаас битгий алдаарай гэж зэмлэхэд тань үгийг нь ухаарч амжаагүй гэнэн явсан би.

Аавынхаа хөлс үнэр шингэсэн уужимхан дээлийг өмсөхөд энгэр цээж дулаахан хэрнээ цаанаа л нандин мэдрэмж хүү бүхэнд төрнө. Өөрөө жаахан үртэй болчхоод өргөн энэ хорвоог туулах эр зоригийг олж таныгаа улам илүү ойлгох юм аав минь.

Үрийн тань ухаан ургаад ирэхийн цагт, эцэг хүний их ухаан, сэтгэл зүрхийг чагнахыг оролдож, мөр бүтэн, зам цагаан явахыг эрхэмлэн бодно. Аавынхаа нууж унагасан эр хар нулимсыг ойлгохын тулд амьдрал хийгээд цаг хугацаа хажуунаас үргэлж хавсран түлхэж байдаг нь жам юм уу даа Аав минь. Алс мордож, аянд гарахад албатай юм шиг аав ижийнхээ энэрэл хайраас ургаж нисдэгээ анзаардаг билүү бидэн. Цаг наргүй тээвэрт явж, цагийн манаанд зогсож, даарч хөрж яваад ядарлаа гэх эрхгүй, урагшаа давшаад гэсэн тушаалтай амьдрал хэмээх их тулааны талбарт хамгийн түрүүнд явдаг аавууд минь дээ.

Хаан төрийн удам залгаж, халдашгүй дархан улсаа байгуулцгааж, Монгол гэдэг нэрийг бүтнээр нь авч үлдсэн эх орны хүү юм шүү дээ аавууд минь.

Хүмүүн орчлонг онож төрөхийн шалтгаан нь өөр өөрийн гэсэн зураг төөрөгтэй гэнэ. Тэр зураг төөргөөр ирээд өөрийн хувь ерөөлийг бий болгож, уянга яруухан дуу хуурын аялгуугаар хүмүүнийг баясган цэнгүүлж яваа аваараа бахархана.

Аав гэдэг нугарашгүй ноён нуруу... Хэн бүхэнд нулимсаа үзүүлдэггүй их ухааны тэнгэр гэлтэй...Аав гэдэг хүнийг Монголчууд маань уултай зүйрлэн ярих дуртай, ханагар дүнэгэрээр л нээрээ л аавын эзгүйд гэр орон ханхайж, ороод ирэхэд нь хоймор дүүрээд л ирдэг билээ.

Айл гэрийн хийморь ноён нуруу бол аав минь шүү дээ. Аянд мордоход нь ээж минь сүүгээ өргөж хоцорно. Цай идээнийхээ дээжийг өргөж хүлээнэ. Монгол ёс уламжлалыг ар түмэн минь өвлөн авч үлдэнэ. Аавын минь дээлийн энгэр хэчнээн уудам билээ, халуу дүүгсэн алганд тань хайр энэрлийг мэдэрч өссөн зүрх бүхэн унашгүй тэнхээ, няцашгүй ухааныг олдог юмаа.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Аав минь эх орон юм  
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй