Шууд Chart

ЭЗБХ: Зарчмын зөрүүтэй 100 орчим саналаар санал хураав

2023-04-25 18:59:07

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Төмөр замын тээврийн тухай болон Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг энэ оны гуравдугаар сарын 28 болон дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд Байнгын хорооны хуралдаанд танилцуулж хэлэлцүүлсэн байна. Улсын Их Хурлын чуулганы дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Байнгын хорооны даргын гаргасан горимын саналаар анхны хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, тус Ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүд удаа дараа хуралдаж, хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал бэлтгэснийг танилцуулав. Ажлын хэсэг, нийтийн зориулалттай төмөр зам, тусгай зориулалтын төмөр зам гэсэн нэр томьёог нийтийн төмөр зам, үйлдвэрлэлийн зориулалттай төмөр зам гэж тус тус өөрчлөх, Хилийн тухай хуулиар тодорхойлсон хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотойгоор төсөлд тусгасан зохицуулалтыг хилийн зурвас газарт гэж өөрчлөх, мөн төмөр замын суурь бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд уг суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг гэрээнд зайлшгүй тусгах бөгөөд энэ хугацаанд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг давхар эрхлэж болох зохицуулалт төсөл тусгах зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр боллоо.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нэмэлт, өөрчлөлт оруулах 12 хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 12 дугаар сарын 8-нд хэлэлцэн дэмжсэн. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд энэ сарын 11-нд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн хэмээн дурдлаа. Тус хэлэлцүүлгийн үеэр Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал авах шаардлагатай гэж үзэж, хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Энхтүвшин нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд аялал жуулчлалын сан, отог, отоглох цэгийн талаарх зохицуулалтууд, аялал жуулчлалын компанид газар олгох, хил орчимд аялал жуулчлал хөгжүүлэхтэй холбоотой бодитой зохицуулалт орсон эсэх, хөтөч, аялал жуулчлалын сургууль болон агаарын тээврийн хүчин чадлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ажлын хэсэг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 67, найруулгын гурав, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх  зарчмын зөрүүтэй 23, нийт 93 зарчмын зөрөөтэй саналын томьёолол бэлтгэжээ.

Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хуралдааныг удирдан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудын ихэнхийг дэмжлээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, орон нутгийн агаарын тээврийн, олон улс, орон нутгийн нисэх буудлын болон иргэний агаарын хөлгийн түрээсийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ажлын хэсгийн гишүүн Ш.Адьшаа, Сангийн сайд Б.Жавхлан нар эсрэг саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар дэмжсэн байр суурь илэрхийлсэн юм.

Санал хураалт дууссаны дараа хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


ЭЗБХ: Зарчмын зөрүүтэй 100 орчим саналаар санал хураав  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй