Шууд Chart

Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2023-04-28 15:36:00

Монгол Улсын аварга шалгаруулах Үндэсний шагайн харвааны 33 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд 120 багийн 960 орчим харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан оролцож үг хэллээ.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харваа бол монголчууд бидний уламжлалт наадгай, бахархалт өв гэдгийг тэрбээр онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгагалан “Тамирчнаас ур, цэц, төвлөрөл шаарддаг, баг хамт олны хүндэтгэл, нөхөрлөлийг бэхжүүлдэг онцгой ач холбогдолтой спорт бол шагайн харваа. Тиймдээ ч улсын аварга шалгаруулах тэмцээн жилээс жилд өргөжин, оролцох баг тамирчид, харваачдын тоо өссөөр байна. Цаашид шагайн харваан спорт наадгайгаа улам хөгжүүлж, соёлын өв болохын хувьд хадгалж, хамгаалж үр хойчдоо өвлүүлэх учиртай” хэмээв.

Монголын Шагайн харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр “Шагайн харваа тэмцээн нь үндэсний хувцсаа иж бүрэн өмсөх, уртын дуу дуулах, уухайлах, ахмад настнаа хүндлэх, мэндлэх, ёслох зэрэг өв соёлоо тээн ирсэн билээ. Үндэсний шагайн харвааг Үндэсний их баяр наадмын нэг дагавар төрөл болон 1998 оноос зохион байгуулж ирсэн. Харин 2022 онд баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар баяр наадмын албан ёсны нэг төрөл болсонд баяртай байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй