Шууд Chart

Харшил гэж юу вэ

2023-05-03 08:41:36

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ.

Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлсэн.

Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

Харшил үүсгэгчийг тодорхойлж болно. Харшил үүсгэгч буюу аллергеныг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, элиминационны тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Харшил үүсэхэд генийн болон гадаад орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

-Ургамлын тоосонцор

-Сул шороо, тоос

-Нар, хэт халуун болон хүйтэн агаар

-Хоол, хүнс

-Ахуйн хэрэглээний бодис

-Гэрийн тэжээвэр амьтан

-Гоёл чимэглэл гэх мэт.

Харшлын шинж тэмдгийг арилгахын тулд эмч нар хамгийн түрүүнд харшлын шалтгааныг тогтоох шаардлагатай байдаг. Харшлын сорил нь хамгийн зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой болно.

Харшлын сорил нь таныг юунд харшилтай, юунд харшилгүй байна гэсэн мэдээллийг бүрэн нарийн өгч чадна. Та харшлынхаа шалтгааныг мэдэж түүнийг хянаж чадсанаар таны зовуур мэдэгдэхүйц арилах болно. Харшлын зовуур арилснаар тайван нойрсож, өдөр тутмын амьдралдаа хэвийн, үр бүтээмжтэй байх боломжтой болно.

Харшил өвчин байж болох доорх зовуур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүсийг харшлын сорил тавиулахыг зөвлөж байна.

  • Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт
  • Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж
  • Бусад шинж тэмдэг: Анафилакси (хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал), ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжид хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.


Харшил гэж юу вэ  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй