
Монголын цахим спортын түүхэнд шинэ түүх бичигдлээ.
Өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 24-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Esports World Cup 2025 тэмцээний финалд Монголын The MongolZ баг Туркийн Aurora багийг 3:0 харьцаатай хожиж, дэлхийн аварга боллоо.
Энэ ялалт нь The MongolZ-ийн хувьд хамгийн үнэ цэнтэй амжилт болж байна. Өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай тоглож ирсэн ч, ийнхүү дэлхийн аваргын цом хүртсэн нь Монголын eSports-ыг дэлхийн тавцанд гаргасан томоохон үйл явдал боллоо.
Хамгийн чухал нь The MongolZ бол дэлхийн аваргын цом хүртсэн Ази тивийн анхны баг болсон явдал юм.
Мөн "Шилдэг тоглогч" шагналыг М.Содбаяр (Techno4K) хүртлээ.
Европ, Америкийн багуудын олон жилийн ноёрхлыг эвдэж, Азийн анхны аварга болж чадсан нь Монголчуудын бахархал төдийгүй тивийн цахим спортын хөгжилд чухал үйл явдал болон үлдэх нь гарцаагүй. Ийнхүү The MongolZ баг дэлхийд нэрээ дуурьсган, Монголын залууст итгэл, урам зориг өглөө.
Энэ ялалт нь зөвхөн спортын талбарт төдийгүй, Монголын залуусын авьяас чадвар дэлхийн хэмжээнд өрсөлдөж, ялалт байгуулах бүрэн боломжтойг харуулсан түүхэн жишээ болж байна.
Цуцашгүй эрч хүчтэй залуус болох Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), М.Азбаяр (Senzu), Б.Аюуш (mzinho), Б.Өсөхбаяр (910) болон дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa) нарт баяр хүргэе.
Ц.Ариунзаяа
The MongolZ баг “World Cup 2025”-ын аварга боллоо | ||
Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.