Шууд Chart

Сургууль, цэцэрлэгийн нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг засварлажээ

2025-08-25 10:10:40

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулж, дараагийн үүрэг даалгаврыг өглөө.

Наймдугаар сарын 11-ний өдрийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 24 үүрэг даалгавар өгсөн.

Үүнээс 90-100 хувийн гүйцэтгэлтэй 5 үүрэг даалгавар, 50-89 хувийн гүйцэтгэлтэй 17 үүрэг даалгавар, хугацаа болоогүй буюу бэлтгэл хангах 2 үүрэг даалгавар байгаа бөгөөд нийт 24 үүрэг даалгаврын дундаж хэрэгжилт нь 80.3 хувьтай байна.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд наймдугаар сарын 12-20-ны өдрийн хооронд 195 сургууль, 324 цэцэрлэгийн теле хяналтын камерын үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн 9205 теле хяналтын камерыг шалгахад 244 камер ажиллагаагүй, гадна орчны 326 гэрэлтүүлгийг шалгахад 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байв. Цэцэрлэгийн 6960 теле хяналтын камерыг шалгахад 312 камер ажиллагаагүй, нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг тус тус засварлуулж хэвийн ажиллагаатай болгосон.

Мөн наймдугаар сарын 21-ний байдлаар нийт 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлын цэгийн битүүмжлэлийг шалгасан. Энэ үеэр сургууль, цэцэрлэгүүдийн явган хүний зам эвдрэлтэй, хашаа стандартын бус, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбайн стандарт хангалтгүй, хог хаягдлын цэг битүүмжлэл алдагдсан, гол хаалганы шат, довжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэрэг түгээмэл зөрчил илэрсэн. Нийт 654 зөрчлийг илрүүлж, 45 шаардах хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулж байна.

2025 онд сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах зорилгоор нийслэлээс 66.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ болон 8 эмнэлэг засварлах, 20 уурын зуух шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

 


Сургууль, цэцэрлэгийн нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг засварлажээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй