Шууд Chart

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2023-06-06 12:33:47

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжиллээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтын зохицуулалтын талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ. Аливаа тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагчид хуулийн дагуу гарсан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр ИТХ-аас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгох зохицуулалт нь оновчтой эсэхийг тодруулсан юм.

Энэхүү зохицуулалт нь одоо хэрэгжиж буй хуульдаа мөн агуулгаар хэрэгждэг бөгөөд ИТХ нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, батламж бүхий иргэдийн  бүртгэлийг хийж, тухай бүр бүртгэлтэй иргэдээс сонгон Үнэлгээний хороонд сонгон оруулдаг болохыг ажлын хэсгээс тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг зохион байгуулахтай холбоотой төслийн 27.6 дахь заалтын талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очироос хариулт авсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ   
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй