Шууд Chart

Кувейт улсын парламентад сөрөг хүчин олонхын суудлаа хадгалж, нэг эмэгтэй гишүүн сонгогдлоо

2023-06-10 12:40:44

Арабын булангийн Кувейт улсад сүүлийн гурван жилд гурав дахь удаагаа болсон парламентын ээлжит бус сонгуульд сөрөг хүчин дийлэнх олонхын суудлаа хадгалж чадлаа.

Кувейтийн албан ёсны мэдээллийн агентлагийн өгсөн мэдээллээс харахад, сөрөг хүчний улс төрчид хууль тогтоох байгууллагын 50 суудлын 29-ийг авч, 37 хууль тогтоогч дахин сонгогдсон байна.

Сонгуулийн ирц дөнгөж 51 хувьтай гарсан нь Кувейтийн ард иргэд улс төрийн өнөөгийн үйл явцад сэтгэл дундуур байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Үндэсний ассамблейн 50 гишүүнийг 10 мандаттай 5 тойргоос иргэдийн нэг удаагийн саналаар 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгодог тогтолцоотой. Энэ жил парламентын 50 суудлын төлөө дөнгөж 207 нэр дэвшигч өрсөлдсөн нь 1996 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон.

Кувейт нь үндсэн хуулиар улс төрийн нам байгуулахыг хориглодог учир парламентад зөвхөн бие даагчид нэр дэвшин өрсөлддөг. Өмнөх 2022 оны парламентад сонгогдсон сөрөг хүчний эмэгтэй улс төрч Жинан Бушехри энэ удаагийн сонгуульд дахин сонгогджээ.  

Энэ удаагийн ээлжит бус сонгууль хууль тогтоогчид болон Засгийн газрын хоорондын маргааны улмаас эдийн засгийн шинэчлэлд саад учруулсан парламентыг татан буулгасны дараах улс төрийн хямралтай нөхцөл байдалд болж өнгөрч байна. Гэхдээ Кувейтийн ард түмэн өөрчлөлтийн төлөө алхам хийх нь чухал гэсэн үүднээс парламентын сонгуульд саналаа өглөө.  

Кувейт улсын ил тод байдлын нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч, доктор Фахад Аль Ругайб “Кувейтэд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг аль эрт олгосон. Энэ бол Кувейтийн үнэт зүйлийн нэг мөн. Парламентад өндөр боловсролтой олон эмэгтэй сонгогдож, маш сайн ажиллаж байсан. Кувейтийн бүх эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөх эрхтэй. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн соёл уламжлал зэргээс шалтгаалаад сонгуульд нэр дэвших сонирхол бага байх шиг байна” гэж ярилаа.   

Харин Египет улсын сэтгүүлч, сонгуулийн ажиглагч Наеф Ламтерат “Кувейтийн ард иргэдийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх эрх ялангуяа саналаа өгөх эрхэнд хэн ч халдаж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Кувейтэд ирээд энэ ард түмний ардчиллын үйл явц урагшилж байгааг харлаа. Жишээ нь, нэр дэвшигчид исламын шашинтай эсвэл либерал үзэлтэй байхаас үл хамаараад эрүүлээр өрсөлдөж байна. Иргэд нь ч сонгуулиа өгөхдөө ёс зүйтэй, хариуцлагатай хандаж байна” гэсэн юм. 

Түүнчлэн Кувейт улсын сонгуульд бие даан нэр дэвшигч Аля Халид “Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо бага байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, манай улс эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг олгоод 17 жил болж байна. Нөгөө талаар манай нийгмийн соёл, сэтгэлгээ үүнд бэлэн биш байна. Манай эмэгтэйчүд өөрсдийгөө нийгэмдээ нотлож, харуулах шаардлагатай. Үүнд мэдээж цаг хугацаа орно. Манай эмэгтэйчүүд өөрийгөө бэлдсэн байхад аль ч салбарт өндөр оролцоотой байх бүрэн чадвартай гэж би хувьдаа үздэг" гэв.     

Энэ удаагийн сонгууль эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг сулруулсан улс төрийн хямралыг арилгахад чиглэлээ.

Хэдийгээр Кувейт нь дэлхийд газрын тосны нөөцөөрөө тэргүүлдэг, санхүү, эдийн засгийн өндөр чадавхтай боловч Эмирийн томилдог 15 гишүүнтэй Засгийн газар нь ард түмнээс шууд сонгогддог 50 гишүүнтэй парламенттайгаа ойлголцохгүй, хууль дүрмээ батлаж чадахгүйд хүрсэн нь тус улсад ихээхэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, шинэчлэлтийн хөтөлбөрийг гацаанд оруулаад байгаа юм.

Шинэ парламент улс орноо улс төрийн сунжирсан хямралаас гаргах магадлал бага гэж шинжээчид таамаглаж байна.

Кувейтийн үндэсний ассамблей нь Арабын булангийн хаант улсууд дундаа хамгийн нөлөөтэй, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чаддаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Кувейт улсын парламентад сөрөг хүчин олонхын суудлаа хадгалж, нэг эмэгтэй гишүүн сонгогдлоо   
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй