Шууд Chart

Монгол Улс Кувейт Улсад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлжээ

2023-06-16 10:00:41

-Монгол Улс Кувейт Улстай аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна-

Монгол Улс Кувейт Улстай 1975 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа олон салбар чиглэлээр өргөжин бэхжиж ирсэн.

Харин өнөө үед Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, зах зээлээ тэлэх шинэ сэргэлтийн бодлого, Кувейт Улсын эдийн засгаа төрөлжүүлэх, нээлттэй гадаад бодлогын хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг тэлэх эрх зүйн орныг бүрдүүлж байгаа юм байна. Тухайлбал, Монголоос Кувейтэд мах, сүүн бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулж, шууд нислэгтэй болох яриа хэлэлцээ хийж байна.

Монгол Улс 1975 онд Булангийн орнуудаас Кувейт Улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 48 жилийн хугацаанд Монгол, Кувейтийн харилцаа улс төрийн түвшинд түншийн харилцаагаа бэхжүүлсэн бол одоо эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэхээр чармайж байна.

Хоёр орны худалдаа 2020 оны байдлаар 34 мянган ам.долларын дүнтэй байна. Худалдааг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшил хоорондын харилцааг тэлэхэд анхаарч буй юм байна.

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн "Булангийн орнуудад халал аргаар боловсруулсан мах экспортлох магадлан итгэмжлэлийг Монголд гаргадаг байхаар зохицуулалт хийж байгаа юм. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд энэ зундаа багтаад итгэмжлэлээ эх орноосоо авах боломжтой болох юм байна. Ингээд ирэх 9, 10 дугаар сараас Монгол, Кувейтийн хооронд халал аргаар боловсруулсан махны худалдаа эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн Кувейт болоод Булангийн орнуудтай аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлж байна" гэж ярилаа. 

Мөн тэрбээр шууд нислэгтэй болсноор Монгол, Арабын булангийн орнуудын хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа өргөжинө гэж талууд үзэж байна гэсэн юм.

Булангийн орнуудтай аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд одоогоор Катар улстай визгүй зорчихоор болсон бол Кувейт улстай визгүй зорчих асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Кувейтэд суугаа Монголын ЭСЯ Булангийн Катар, Бахрейн улсуудыг хавсран суудаг. 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Монгол Улс Кувейт Улсад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлжээ   
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй