Шууд Chart

Бурханы өгөгдөлтэй гайхамшиг

2023-08-31 09:20:24

Суудлын тэрэг жигдхэн хурдаар давхихад машины арын цонхоор гуниглах сэтгэл минь замд буугаад ч хамаагүй үлдчихмээр...

Гэвч гэнэн охин шиг хүслээ нууж, нүдэндээ сааралтах тэнгэрийн хаяаг анх удаа нүд тогтоон харлаа.  Үүлс газарт унаад ирсэн мэт, очиход тэнд нэг гайхамшигт амьдрал буй мэт даан ч үзэсгэлэн дунд би иржээ. Үгийн сайхнаар урлам байгалийн зүй тогтол хүмүүний сэтгэлийн амар амгалангийн амьдрал тийш хараа бэлчээн би тэр зүг рүү алхмаар санагдлаа. Бурханы мэлмий тэнд амирланг бүтээгээд намайг хүлээж байгаа ч юм шиг.

Үүлэн дунд хөөс болон хөдөлж тэр чигтээ эжийг минь, эмээг минь нүдэнд харагдуулж миний нутгийн нэгээхэн хэсэг бурханы бүтээлийг энэхэн агшинд надад урлажээ. Сэтгэлд хоосон чанадаас ямар нэгэн ая эгшиглэх нь нэн уйтгартай ч үлгэрийн төгсгөл үнэн бас намайг гайхшируулсан сайхан төгсгөлтэй байгаасай хэмээн хүснэ. Тэр нарийн олон салаа замаар энх мөнхийн амьдрал байгаа мэт.

Би тэнд саатан цав цагаан өмсгөлтэй дагина шиг алсармаар. Нялх багын зан нь алдраагүй хүнийг аргадаж хайрлахаа мэддэггүй явсан бол өнөөдөр харин хэн нэгнийг аргадаж сурсан аж. Том болжээ гэж хэлэх үү? туньж цонхоор ширтсэн явна уу?. нэгэн сэтгэлийн цагаан шувуу дэрхийн нисэх атал тэр алс амьдралын зүг ямар үг дайхаар ниснэ. Санаанаас ургаж цэцэглэх байгалийн зүй тогтолт энэ нүдэнд үзэгдэх гайхамшигт амьдрал үүдээ нээн намайг хүлээнэ.

Харц, зүрх хоёр минь дагинын өмсгөл урлаж би тэр жимээр алхлаа. Үүлэн дундуурх замаар явсаар диваажингийн хаалганд очиход цааш зам уртассаар. Би явсаар...

Энд л би гунхан алхаж энэ сайхан үзэмжээр амьсгалах гэж тэр агаарын сайхныг хамаг биеэрээ мэдрэх гэж ирсэн. Ийнхүү газарт үүлс буусан энэ ертөнцийг би өөрийн харцаар урлан өөрийн ертөнцөө бүтээсэн. Энд агаар нь усны үнэртэй сааралтсан зэгэл саарал үүлс нь замхрахгүй нүүсэн нарийн цэнхэр мушгирах олон зам нь тэнгэрийн туссан туяа юм.

Тэнгэр өөрөө газарт унаж тэнгэр өөрөө намайг хуурна. Сэтгэлийн минь аниргүйд хаалгаа нээж энд чи ирж саат хэмээн тохуурхана. Цаашлах тусам зам өргөсөн нарийсан эргэлдэн мушгирна.  Энэ олон замаар алхсаар яваадаа хүрэх эцсийн цэг ижий аав минь. Дахин цаашлан эмээ өвөөдөө очно гэж би бодно. Тиймээ тэнгэрийн тэр бүхий л зайд  бурхан байдаг байх. Тийшээ би хүрэхгүй наана нь хүрж л байвал болоо. Тэнд хүрээд цаашлах гэхээр эрхэлмээр байна би эжийдээ. Яагаад гэж асуултаар эжийгээ түшин уйлмаар байна.

Ааваа та үнэний хорвоог охиндоо худалгүй байлгаж өгөөч хэмээн энх мөнхийн хайр гуймаар байна. Эргэж буцахгүй энд эрхэлсээр би хэзээ буцахаа үл мэднэ. Нэгэнт энд ирсэн юм чинь эмээ нартаа  харж ч байгаагүй өвөө нартаа мөргөөд би залбирмаар байна. Та нарыгаа хамтдаа байхыг хараад булгилах зүрхээ жаахан дарж энхэр нулимсаа эгшээнэ. Нулимсаа дахиад гаргахгүй болмоор энд л үлдээгээд буцмаар.

Хүний хорвоогийн хуулийг тэгээд ялж гарна гэж үү? Тэднийхээ тайван амгалан байгааг харлаа. Бүгдээрээ дуу нэгтэйгээр үрээс минь гарсан үр минь бид хэзээ ч орхиж яваагүй шүү чамайг гэж хэлэх дуугаа аянга цахилгаан цахилуулан хэллээ. Ээж минь солонгын долоон өнгөн дээлээ өмсөхөд миний дэргэд долоон өнгийн гэрэл нар мэт өмнө минь гарч ирлээ.

Би зургийн ширээний өмнө бийр харандаагүй зураач болон зогсоод эргэж харахад аав минь дүнсийн хилэнт хүрхэрсэн хоолойгоо засахад эмээгийн минь нулимс зөөлөн бороо болж шивэрч байна. Өвөө минь бадамлянхуа суудал дээр завилан үр хүүхдийнхээ төлөө бурханы шавь болж маанийн үсэг холбон эрх эргүүлж авай. Тэнгэрийг бүхлээр нь эзэгнэгч бурхан "охин минь харь даа" хэмээн хэлэх агшинд машин дотор яваа найз маань аягатай ундаа сарвайн намайг аргадан бас загнах аядна. Бодлоосоо салсандаа унтууцал төрж би уухгүй гэж эрсхэн хэлээд дахиад цонхоор ширтэхэд бороо шивэрлээ. Энэ бол нэгэн дохио. Би хайртай хүмүүстэйгээ энэ газар уулзлаа.

Хотоос зорьж хүрэх ёстой газар минь энергийн төв. Үнэхээр зохицол давхцал энэ биш гэж үү? Догшин ноён хутагтынхаа амьдарч, шүлгээ тэрлэж, сархадыг ус болгож байсан тэр үлгэрийн орныг харах гэж, мэлмий юугаан  тольдох гэж яваа энэ зам надад үхэшгүй мөнхийн амьдралын тухай ярьж өгсөн юм болов уу? гэж өөрөө өөртэйгөө би чимээгүй ойлголцож яваа минь энэ. Уул нь хүртэл тэнгэрийн үүлэнд дурлахад дэггүй үүл аальгүйтэн нүүхээ жаахан умартан газар дэлхий дээр нуугдан үнсэлцэх гэж уулыг өднө. Дурласан уул уруулаа надаас нууж ичингүйрч харагдана. Тэр хоёрын харц дундуур би тэнгэрийн дагина болж эжийдээ очоод ирлээ.

Баярлалаа үүл нь дурлан газарт буусан тэнгэрийн цагаан заадал нь байхгүйг буй болгон зам болж зурайсан гайхамшигт эх дэлхий эх орон минь.

Сэтгэлээс дэрхийн ниссэн бодол цагаан шувуухай чи одоо буцаад эзэндээ ир дээ.

Санаа алдан, самсаа шархиран, тэсгэл алдан хөөрсөн тэр сэтгэлээ аргамжихад гунигийн зөөлөн бороо зүрхэнд үерлэн буулаа. Үзэсгэлэнт эх орон минь тайван амрахаар харанхуйн цагаа харан байхуй дор нарны цаг ээлжээ хүлээж тэссэнгүй шаргал туяагаа аль хэзээний хумьсан байлаа. Сэтгэлд  цутгасан бороо дуслаар орон, манантай тэнгэрийн бороонд зайгаа тавьж чадахгүй хоёр ертөнцийн дунд царцах бодол даарна.

Тэнгэрийн цагаан үүл нь хургаж буугаад, шургаж унахдаа газар эхийн элгэн дээр даанч үзэсгэлэнтэйгээр өөрийгөө гайхуулна. Харагдах нүдний гоо энгэрт зүүгдсэн үүлэн цэцэг дахиад харахад төд удалгүй сарнин нүүж байгаа нь юмс бүхэн цаг зуурынх гэж надад шивнэнэ.

Нийтэлсэн: П.Эрдэнэцэцэг

Бурханы өгөгдөлтэй гайхамшиг  
Үзсэн: 7313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-04 15:38
хүний сэтгэлийг хөдөлгөхгүй бол хөнгөн бийр бариад яах вэ гэж, сайхан бичсэн бна шүү
Zochin [127.0.0.xxx] 2023-08-31 11:11
Saihaan saihan. Uneheer bahdam. Bicheed Bai. Bvv zogs

Бидэнтэй нэгдээрэй