-“Азийн Хөгжлийн Банкны бүтээн байгуулалт Хөвсгөл аймагт” цуврал сурвалжилгын хоёрдугаар хэсэг-
Хар үсээ буурал болтол бизнecийн эрэл хайгуул хийж, сая л өөрийгөө туршлагажсан гэж бардам хэлж буй 78 настай Ш.Дүүжий гуайн түүх тэр чигээрээ сурах бичиг.
Барьсан талхаа тэргэн дээр бөөцийлөн зардаг байсан зах зээлийн шилжилтийн үeийн нэг дүр нь Дүүжий гуай ч байж мэднэ. Нойр нь хулжихаар биш нойроо үргэтэл бизнeсийн санаа хайж, өглөө, үдэшгүй туршиж, унаж боссон сумын, тосгоны эрчүүдийн нэг нь бас л тэр.
Сүү авч цагаан идээ боловсруулах, жуулчид, амрагчдад үйлчлэх, хөтөч хийх гээд Хатгал тосгон, Хөвсгөл нуурын дэргэд хийж болох бүхнийг л оролджээ.
Харин тэр одоо Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумандаа цагаан зайрмагтай буурал Дүүжий.
10-12 төрлийн орц хольцтой, хуурай сүүтэй, хаа газрынх нь ялгагдахгүй зайрмагийг хүүхэд, хөгшидгүй амтлах нь аятай санагдаагүй гэдэг ээ түүнд.
Нутагт нь сарлаг, нууранд нь амрагчид, өөрт туршлага байхад зайрмагны бизнeс санаанд нь багтав. Сарлагийн сүү амтагдсан, "тосгон үнэртсэн", Хөвсгөл шиг цэнгэг зайрмаг түгээж байна гэж олон шөнө зүүдэлсэн болов уу байр байдлаас нь ажиглахад.
Ингээд эко зайрмагны төслөө эрэлт хэрэгцээний тооцоотой нь хамт Азийн Хөгжлийн Банк /АХБ/-ны “Тогтвортой амьжиргааг дэмжих төсөл”-ийн Зээлийн эргэлтийн санд танилцуулав.
Зээл нь ч бүтэж, мөрөөдлөө ч биeлүүлэхээр шулууджээ 2015 оноос.
Өдөрт 60 ширхэг зайрмаг үйлдвэрлэж байсан бол 200, 300 ширхэг гэсээр өнөөдөр 5 дахин их зайрмаг түгээдэг болжээ.
Одоо тэр гэргийнхээ хамт саальчин, малчин, савлагааны ажилтантайгаа тавуул жуулчдын ид хөлөөр, баярын өдрүүдэд 400-600 ширхэг зайрмаг үйлдвэрлэж байна.
Товч тодорхой, хурдан түргэн яриа, шалмаг хөдөлгөөн нь Ш.Дүүжий гуайн зав багатай, чөлөө цөөнтэйг илтгэхийн хажуугаар 78 насыг нь ч нуугаад байх шиг.
"Хамгийн сүүлд нондин Азийн Хөгжлийн Банкнаас 15 сая төгрөгийн тогтвортой амьжиргааг дэмжсэн зээл авлаа. Энэ банк намайг зээл хүсэхгүй болтол дэмжлээ. Тун удахгүй Хөвсгөл аймгийн Мөрөнд Дүүжийгийн цагаан зайрмаг очно. Аймгийнхаа төвд салбараа нээнэ ээ" гэж бизнесийнхээ төлөвлөгөөнөөс зээлийн эзэн АХБ-ны суурин төлөөлөгчид танилцуулж байна.
Яг Дүүжий гуай шиг 2017 оноос АХБ, Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй 200 мянган ам. долларын хөрөнгөтэй Тогтвортой амьжиргааг дэмжих зээлийн сангаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 190 өрх 1 тэрбум 605 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, жижиг бизнeс эрхэлжээ. Тэр үед аялал жуулчлал өнөөдрийнх шиг цэцэглээгүй байсан үе шүү дээ.
Хөвсгөл далайн эрэг хавиас, Хатгал тосгоноос худалдаа хийж байсан зарим нь мэдэх байх. Даршилсан мах, загас, жимсний чанамал, зүүлт чимэг, модон, эвэр эдлэл, бэлэг дурсгалууд гээд зөвхөн энэ нутгаас л авч, амталж, мэдэрч үзэж болохоор бүтээгдэхүүн өрөөтэй байдаг. Түүнийг худалдаалагч зарим нь англи хэлээр ойр зуур төвөггүй ярьдаг. Өнөөдөр Хатгал тосгоныхон гурилан, махан бүтээгдэхүүн, зарим оёмол сүлжмэл эдлэлээ өөрсдөө хийж хэрэглэж байна. Үүний эх үндэс нь ч Тогтвортой амьжиргааг дэмжих зээлийн сантай холбогддог.
Тухайлбал, “Хатгал хүнс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Сарантуяа гэрийнхээ пийшинд талхаа барьж цөөн хэдээр нь зардаг байсан бол өнөөдөр 3 ажилтантай, өдөрт жижиг, том 700-1200 ширхэг талх үйлдвэрлэж, дэлгүүр, жуулчны баазуудад түгээж байна. Дээрх сангийн 15 сая төгрөгийн зээлээр бизнесээ босгосон нутгийн бүсгүйчүүдийн нэг тэр одоо дахин зээл авч байраа шинэчлэхээр ажиллаж байна.
Ингэж 2017 оноос Хатгал тосгоны 190 өрх 1 тэрбум 605 сая төгрөгийн зээлийг жилийн 7.5 хувийн хүүтэй авч, 120 шахам ажлын байр шинээр бий болгож, ахуй амьдралаа өөрчилжээ.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Зээлийн эргэлтийн сангийн хорооны дарга, эдийн засагч н.Ням-Очирын танилцуулснаар 6 жилийн хугацаанд хугацаа хэтэрч, муу ангилалд орсон нэг ч зээл, зээлдэгч байхгүй нь.
Харин зээл олголтыг Төрийн банк хариуцдаг болсноос хойш шалгуур өндөрсөж, тэнцэх зээлдэгч цөөрч, нутгийнхны урам зориг саарч эхлэв. Энэ байдлаараа 1.6 тэрбум төгрөгийг Хатгал тосгоныхон 3 дахин эргүүлж, бизнесээ цэцэглүүлж байсан үе түүх болж хоцрох нь. Тэдний нарийн тооцоогоор банкинд зээлийн сангийн өчнөөн мөнгө “дараатай” байх нь.
Цэнгэг уст далайн дэргэд, Тусгай хамгаалалттай газар нутагт гэдгээр энэ нутгийнхны эрхлэх аж ахуйн төрөл нь хязгаарлагдмал, малын бэлчээр нь хомс, газар нутаг нь хавчигдмал. Дээр нь банкны шалгуур хот суурингийнхантай ижил.
Нөгөө талд нэн тэргүүн жорлонгоо өөрчлөх шаардлага байгалийн нөхцөл байдлаасаа, хууль журмаараа ч тэр шаардагдаж буй. Хөнгөлөлттэй зээлээр энэ мэт ахуйн асуудлаа шийдэх санал ч нутгийхнаас гарч ирж байгааг Хатгал тосгоны захирагч А.Баттүшиг онцлов.
Хөвсгөл далайн хаян дахь Хатгал тосгон үдлээд хөдлөх, аялаад буцах хүнд жаргалын орон бол үргэлж суурьших нэгэнд шийдэх асуудал олонтой, хатуу өвөл, хайруу жавартай нутаг.
Эрс тэс хүйтнийг давах гэж хэдэн машин мод түлнэ, нэгдсэн халаалтгүй. Худаг ус, шугам нь хөлдчихдөг болохоор далайгаас усаа зөөнө, аюултай нөхцөл байдалтай. Модон жорлон нуур бохирдуулна, бусад нь хөлдөнө... Энэ зэрэг ахуйн асуудлыг шийддэг хүү багатай, хэрэглээний зээл Тусгай хамгаалалттай, онцгой бүс нутагт нэн шаардлагатай байгааг тосгоныхон хэлж байна.
Ядаж л АХБ, Япончуудыг татвараас бүрдсэн байгаа ганц зээлийг нь бодит дэм болгож аятайхан шиг зээлүүлж, иргэдээ дэмжих сэн.
Цагаан зайрмагны эзэн "буурал" Дүүжий | ||
Үзсэн: 7168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.