Шууд Chart

ОХУ БНАСАУ-ыг хиймэл дагуултай болоход нь дэмжлэг үзүүлнэ

2023-09-14 09:25:30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт айлчилж байна.

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Умардын удирдагчийг Алс Дорнодын Восточный сансрын төвд хүлээн авч, дээд хэмжээний уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ОХУ Умард Солонгосыг хиймэл дагуултай болоход нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ нотоллоо. Хоёр талын дээд уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудлуудаас гадна Европ, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Мөн Умард Солонгос Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах тэмцэлд Москваг бүрэн дүүрэн, ямар нэгэн нөхцөлгүйгээр дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хоёр удирдагч Оросын Алс Дорнодын бүс нутаг дахь сансрын орчин үеийн төвд уулзсан нь Умард Солонгос цэргийн тагнуулын хиймэл дагуул хөгжүүлэхдээ Оросоос дэвшилтэт технологийн дэмжлэгийг эрэлхийлж байгааг харуулж байгаагийн зэрэгцээ удирдагч Ким Жон Ун Орост Засгийн газрын гишүүд, цэрэг батлан хамгаалахын болоод эрх намын өндөр түвшний төлөөлөгчдийн хамт ирсэн нь Путинтэй хийх хэлэлцээ нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд төвлөрч байгааг илтгэж байна.

Хэлэлцээнд Оросын талаас батлан хамгаалах, гадаад харилцаа, аж үйлдвэр, худалдаа, тээврийн сайд нар, Засгийн газрын орлогч сайд болон сансрын агентлагийн дарга нар оролцсон байна.

Энэ удаагийн дээд уулзалт ОХУ Украинд дайн хийж, Умард Солонгос НҮБ-ын тогтоолуудыг үл ойшоон пуужин болон бусад цэргийн технологи туршиж, сансрын хиймэл дагуулын туршилт нь хоёр удаа бүтэлгүйтсэн цаг үед болж байгаагаараа онцлог юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бидний уулзалт онцгой цаг үед болж байна. Манай улс БНАСАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсныг сануулмаар байна. Мэдээж бид эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудлууд, бүс нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэх шаардлагатай байна. Бидэнд шийдвэрлэх олон асуудал бий” гэж ярьжээ. 

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Сансрын хөтөлбөрийг ихээхэн сонирхож байгаа, сансрын гүрний ерөнхийлөгч Путин сансрын хөтөлбөрийнхөө зүрхэн газарт энэ уулзалтыг зохион байгуулснаар бидэнд сансар судлалын хөгжил, нөхцөл байдал, ирээдүйг ойлгох онцгой боломжийг олгосон нь нэр төрийн хэрэг юм” гэж онцолжээ.

Энэ бол Владимир Путин, Ким Жон Ун нар Владивостокт 2019 онд уулзсанаас хойших анхны дээд уулзалт төдийгүй Умардын удирдагчийн бараг 4 жилийн дараа хийж байгаа анхны гадаад айлчлал. Мөн Умардын удирдагч цар тахлын хөл хориог цуцалснаас хойш гадны улсын төрийн тэргүүнтэй анх удаа уулзаж байгаа нь энэ юм.

ОХУ Умард Солонгосоос Украинд ашиглах боломжтой их бууны сум, танк эсэргүүцэгч пуужин авах сонирхлоо илэрхийлж байгаа бол Умард Солонгос хариуд нь хүнсний тусламж, Зөвлөлтийн үеийн цэргийн техникээ шинэчлэх ялангуяа тагнуулын хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоцны дэвшилтэт технологи Оросоос авахыг зорьж байгаа гэж "Тасс" агентлаг мэдээлсэн.

АНУ Ким Жон Уны энэхүү айлчлал олон улсын хориг арга хэмжээг зөрчиж, зэвсгийн наймааны гэрээ байгуулах зорилготой гэж үзэж, хэрвээ Москвад зэвсэг нийлүүлбэл шинээр хориг тавина гэдгээ Пхеньянд анхааруулсан.

Харин Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч хөрш орнуудын хувьд Орос, Умард Солонгос хоёр өөрсдийн ашиг сонирхлын төлөө л хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн.

Умардын удирдагч ОХУ-д хийсэн энэхүү айлчлалаа Оростой харилцах стратегийн ач холбогдлыг харууллаа гэж дүгнэсэн.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн долоодугаар сард Умардад айлчлах үед хоёр тал цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж Вашингтон таамаглаж байгаа юм.

Өчигдөр өглөө Владимир Путин, Ким Жон Ун нар уулзахын өмнөхөн Умард Солонгос ойрын зайн баллистик пуужин хоёр удаа харвасан нь удирдагч нь эх орондоо байхгүй байгаа үед пуужин харвасан анхны тохиолдол болсон байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ БНАСАУ-ыг хиймэл дагуултай болоход нь дэмжлэг үзүүлнэ   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй