Шууд Chart

Армени мөргөлдөөнд татан оруулахыг оролдож байна гэж Азербайжаныг буруутгав

2023-09-21 12:36:07

Азербайжаны зэвсэгт хүчин иргэдийнх нь аминд хүрсэн учраас Уулын Карабахын бүс нутагт терроризмын эсрэг ажиллагааг эхлүүлж, тус бүсийн засаг захиргааг татан буулгаж, бууж өгөхийг шаардаж байна. Энэ цэргийн ажиллагааны зорилго нь Арменитай олон жил маргасан газар нутгийн маргааны гол төв Уулын Карабахыг зэвсэггүй болгох, Армений армийн дэд бүтцүүдийг устгах, үндсэн хуулийн дагуу дэг журам тогтооход чиглэсэн гэж Азербайжаны батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Харин Армени мөргөлдөөнд татан оруулахыг оролдож байна гэж Азербайжаныг буруутгаж байна. Мөн зуучлагч Орос гурван талт тохиролцоогоо дагаж мөрдөхийг уриаллаа.

Азербайжаны батлан хамгаалах яам Уулын Карабахад терроризмын үйл ажиллагаа явуулж, газар нутгийг минажуулснээс энгийн иргэд амь үрэгдэж байгаагаас ийм алхам хийлээ гэж Арменид бурууг өгч байна. Армений хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Азербайжаны армийн галд 27 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан байна.  

Бүгд найрамдах Азербайжан улсын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Анар Эйвазов “Армений тал Уулын карабах дахь анги нэгтгэлүүдийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах, нэмэлт хүч дайчлах, манай армийн эсрэг тагнуулын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, манай байрлалын гүнд нэвтэрч, өдөөн хатгах зорилгоор газар нутаг, иргэний зам харгуйг минажүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулаад байгаа мэдээллийг бид авсан.” гэдгийг ярилаа.

Бүгд найрамдах Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян “Одоогоор манай улсын хилд нөхцөл байдал тогтвортой байгаа, энэ байлдааны ажиллагааны зорилго нь Арменийг дайнд татан оруулахад чиглэж байна.Бид гадны болон дотоодын хүчнийхэн манай бүрэн эрхт байдалд халдахыг зөвшөөрөхгүй. Манай үндэсний арми энэ цэргийн ажиллагаанд оролцоогүй, Уулын карабахад манай арми байхгүй гэдгийг энд онцолмоор байна.” гэдгийг хэллээ.

Армени, Азербайжан Уулын карабахын төлөө маргаж, улмаар 1990, 2020онуудад зэвсэгт мөргөлдөөнд хүрч байсан. Армени үндэстэн голлон суудаг Уулын карабах нь ЗХУ задарсны дараа Азербайжанаас салан тусгаарлаж, Армений ЗГ салан тусгаарлагчдыг дэмжиж ирсэн.  2020 онд Уулын Карабахын бүс нутгийн төлөөх Азербайжан, Армений мөргөлдөөн болж, үүний уршгаар 5600гаруй хүн амь үрэгдсэн. Энэ мөргөлдөөнд Армен де факто ялагдаж, Оросын зуучлалаар гал зогсоосон. гал зогсоох гэрээний дагуу тус бүсэд дахин мөргөлдөөн гарахаас сэргийлэх зорилгоор Орос энхийг сахиулах нэрийн дор 2000орчим цэрэг байрлуулсан. Гэвч Армени, түүний эртний холбоотон Оросын хооронд сүүлийн үед хурцадмал байдал үүсээд байгаа. Учир нь Армени Оросын цэргүүд Уулын карабахыг Арменитай холбодог автозамыг нээлттэй байлгахад хангалттай ажиллахгүй байна гэж гомдоллосноос харилцаа нь таагүй байгаа. Улмаар Армени энэ сард АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн нь Оросын дургүйцлийг төрүүлсэн.  Азербайжан Уулын карабахад байлдааны ажиллагаа эхлүүлснээ Орос, Туркийн эрх баригчдад албан ёсоор мэдэгдсэн боловч Орос нь Арменид мэдэгдээгүй юм байна.

ОХУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Уулын Карабахад нөхцөл байдал хурцдаж байгаад бид ихээхэн түгшиж байна. зөрчилдөгч талуудыг цус урсгаж, дайсагнахаа нэн даруй зогсоож, улс төр, дипломатын аргаар зохицуулах арга замдаа эргэн орохыг уриалж байна. Одоогийн нөхцөлд Орос энхийг сахиулах хүчин даалгавраа биелүүлсээр байна, манай энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг бүх талууд ямар ч болзолгүйгээр хангана гэж бид үзэж байна.” гэдгийг онцоллоо.


Карнеги европ гадаад бодлогын судалгааны төвийн ахлах шинжээч Томас Де Ваал “Азербайжан хөзрөөр маш ухаалаг тоглож байна. Туркийн дэмжлэгийг авч, Европын комисстой тохиролцоонд хүрч, Оростой ч харилцаагаа сайжруулсан нь ерөнхийлөгч Алиевт Уулын Карабахад хүссэн зүйлээ хийх итгэл төрүүлсэн гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Армени, Оросын харилцааны таагүй байдал ийм үр дагаварт хүргэлээ. Орос улам бүр ойлгомжгүй, асуудалд оролцохоос зайлсхийх хандлагатай байсан нь Азербайжаныг ийм алхам хийхэд хүргэлээ.” гэж ярилаа.

АНУ-ын ТНБД Азербайжаны ерөнхийлөгч, Армений ЕС-тай утсаар ярьж, уулын карабахад цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалж, талуудтай олон улсын зөрчилдөөнийг намжаах механизмыг ашиглах талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Армений нийслэл Ереванд өчигдөр иргэд олон нийт ЕС-аа огцрохыг шаардаж жагссан байна. Үүнийг засгийн газар нь төрийн эргэлт хийх оролдлого гэж буруутгажээ. Ер нь Армений иргэд ЗГ-аас 2020 оны гал зогсоох гэрээнд хэтэрхий их буулт хийсэн гэж буруутгаж байгаа. Армений үндэсний аюулгүй байдлын зөвлөл жагсаал бослого үймээнд хүрч болзошгүйг анхааруулж, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Армени мөргөлдөөнд татан оруулахыг оролдож байна гэж Азербайжаныг буруутгав   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй