
“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээнд хүний эрхийн үндэсний зөвлөхөөр ажиллахаар шалгарсан “Хөгжлийн бэршээлтэй хүний эрхийн форум”-ын ерөнхий зохицуулагч Д.Гэрэлтэй уулзаж ярилцлаа.
- Юуны өмнө хүний эрхийн өөрийн үнэлгээний үндэсний зөвлөхөөр шалгарсанд баяр хүргэе?
- Баярлалаа. Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын холбоотой хүний эрхийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, парламентын хүний эрх, жендэрийн мэдрэмжийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийх төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Өөрийн үнэлгээнд дотоодоос дөрвөн зөвлөх сонгогдон ажиллаж байгаа. Тэдний нэг нь миний бие. НҮБ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хорооны гишүүнээр 2021-2024 онд томилогдон олон улсын хэмжээнд ажиллаж байгаа болохоор ийн сонгогдох шалгуур болсон байх. Хүний эрхийн үндэсний зөвлөхөөр сонгогдсондоо их ач холбогдол өгч байгаа.
- Монголын парламент анх удаа хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээг хийх гэж байна. Үндэсний зөвлөхийн хувьд ямар үүрэг, оролцоотой, хүлээлттэй байгаа вэ?
- Парламентын өөрийн үнэлгээ нь хүний эрхийг өндөр түвшинд хүн бүр ярьдаг болсон өнөө үед Монгол Улсын төр өөрөө Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд шаардлагатай хууль зүйн, эдийн засаг, нийгмийн болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн тэр үүргээ хэрхэн биелүүлж буй эсэхэд үнэлгээ хийх нэг чухал алхам болно. Өөрөөр хэлбэл, үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг хэрэгжүүлэх үүргийн биелэлт, хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг бий болгохын төлөө зорьж байгаа төрийн механизм, хүний эрхийг хангах тогтолцооны дотор Монгол Улсын Их Хурал гол байр суурийг эзэлдэг. Хамгаалах, зөрчлийг арилгах, хангах чиглэлд хууль, эрх зүй, бодлого шийдвэрээрээ үр дүнг гаргах үүрэгтэй. Ингэхийн тулд Улсын Их Хурлаас гарч буй аливаа бодлого, шийдвэр нь үндсэн хуулиндаа болон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцид ч нийцсэн байх ёстой. Олон гэрээ, конвенцыг энд дурдаж болно. Иргэдийн нийгмийн харилцаанд оролцох гол хууль тогтоомжуудыг Улсын Их Хурал баталж байна. Тэдгээр нь олон улсын гэрээ, конвенцын зүйл заалт, шалгуур, жишигт нийцсэн эсэх чухал юм.
Гэтэл нийцсэн эсэх гэдэг үзүүлэлт хялбар мэт боловч хуулийн үг, өгүүлбэр бүрийн цаана маш том утга, санаа агуулагдаж байгаа. Тэгэхээр тэр үндсэн концепци, утгад нийцүүлж хуулиа боловсруулж, батална гэдэг парламент, түүний гишүүдээс ихээхэн ур чадвар, чадавх шаардах ажил. Нөгөө талаар батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хөндөнө. Болж бүтэхгүй зүйл байвал засаж, залруулан шинэчилж, сайжруулна. Хяналтын чиг үүргээрээ дамжуулан УИХ засгийн газрын бодлого, үйл ажиллагаа хүний эрхийг хангаж буй эсэхийг хянах боломжтой.. тухайлбал парламент хүний эрхэд нөлөөлж болзошгүй Засгийн газрын үйлдэл, эс үйлдлийн талаар тайлбар авах, мэдээлэл гаргуулах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой тодорхой асуудлаар өөрөө санаачлан сонсгол явуулж болно гэх мэт. Энэ том аппарат нь хүмүүсийн хүсэн хүлээсэн, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомжийг баталж байна уу? Ардчилсан зарчмаа баримталж байна уу? Шударга ёсыг дээдэлсэн үү? Бид зөв зам дээр явж байгаа юу гэдгээ эргэж харах, үнэлэх ёстой. Парламентын чиг үүрэг, гишүүдийн хуулиар олгогдсон эрх хэмжээ зэргийг үнэлэх Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас гаргасан аргачлалын дагуу өөрийн үнэлгээг явуулах болсонд талархаж байгаа. Орхигдсон тал юу байна гэдгийг олж харж, парламентыг чадавхжуулах ач холбогдолтой. Иргэд бидний хувьд эрх, эрх чөлөө, наад захын хэрэгцээг хангаж бүрдүүлэх хууль, тогтоомж, шийдвэрийг парламент гаргаж байгаа. Тиймээс парламент хүний эрхийн, жендэрийн мэдрэмжтэй байж гэмээнэ, сайн, сайхан нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах болно. Жишээлбэл, боловсролын багц хуулийн шинэчлэл өмнөхөөсөө юугаар давуу байв, хэнийг ч орхигдуулахгүйгээр, тэгш хамруулах, асуудлыг цогцоор нь авч үзсэн эсэхийг судалж, үнэлж, илүү мэргэжлийн түвшинд ажиллана. Өргөн хүрээнд хэлэлцэж, хөндөж байж, асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг олж авна гэсэн үг.
- Хүний эрхийн өөрийн үнэлгээг хийсэн парламент одоогоор байхгүй. Харин жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг дэлхийн 10-аадхан улсын парламент хийж, үр дүнг нь хүртээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр үнэлгээг хийхээр шийдсэн нь том зориг гэдэгтэй та санал нийлэх үү?
- Хүний эрхийн мэдрэмжтэй хууль боловсруулж, батална гэдэг нь тухайн парламентаас ихээхэн мэргэжлийн байх, чадвар, чадавх шаардана. Суурь түвшингээ бодитоор үнэлж, тогтоосноор хүн төвтэй, хүн бүр эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн нийгмийг бий болгохын төлөөх өөрийн чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажилаа дахин харж сайжруулах боломжтой болох юм. Зоримог алхам гэж харж байна. Энэ намар, хаврын чуулганаас хойш дахиж 76 гишүүнтэй Улсын Их Хурал манайд бүрдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй болж байгаа. Ийм шинэ шилжилтийн үед өнөөдрийн парламентаас дараагийнхдаа хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар анхаарах ёстой асуудлыг тодорхойлж өгч буй нь том алхам юм. Хариуцлага, хүний эрхийн соёл төлөвшүүлж, улам чадавхжих жишиг, үнэтэй зөвлөмж өгч, цаашдаа үр дүнгээ өгөх ихээхэн ач холбогдолтой ажил болно.
Ярилцсан З.Бадмаараг
Д.Гэрэл: Энэ парламентын маш зоримог алхам нь "Хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээ юм" | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.