
Өнгөрөгч Ням гарагт БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсын гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн гурвалсан уулзалт Өмнөд Солонгосын Пусан хотод болж өнгөрлөө. Энэ уулзалтаар оролцогч талууд Зүүн Хойд Азийн гурван том улс тогтворгүй байгаа харилцаагаа зөөлрүүлэх дээд түвшний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна. Бүс нутаг дахь Умард Солонгосын асуудлаас эхлээд тив дэлхийн нэгдмэл нэг асуудлуудад гурван улс нэгэн зүгт харж хамтарч ажиллах нь чухал гэдэг дүгнэлтэд гадаад хэргийн сайд нар хүрсэн байна.
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Жин, Японы гадаад хэргийн сайд Камикава Ёко нар цаг хагасын хугацаанд гадаад бодлогын 6 чиглэлд ярилцлаа. Гурван улсын гадаад хэргийн сайд нар хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд уулзаж ярилцаж байсан юм. Тэдний ярилцсан гадаад бодлогын зургаан чиглэл дотор эдийн засаг, худалдаа, технологи, энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаа багтаж байв. Мөн саяхан Умард Солонгосын хөөргөсөн цэргийн тагнуулын хиймэл дагуулын талаар асуудал хөндөж ярилцсан байна. БНХАУ-ын зүгээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тал дээр тусалж дэмжихэд бэлэн гэдэг байр суурийг Ван И илэрхийллээ.
Мөн Зүүн Хойд Азийн бүс нутгийн уур амьсгал тогтвортой байхад Хятад улс үргэлж томоохон үүрэгтэй оролцож ирсэн гэж дурдсан байна. Мөн Хятад улс гадны хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, худалдааны харилцаагаа тэлж, чөлөөт худалдааны гурван талт гэрээг сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ Зүүн Азийн бүс нутагт БНСУ болон Япон улсууд АНУ-тай ойртон түншилж, цэргийн хамтарсан сургуулилалт явуулах болсон тал дээр БНХАУ болгоомжлонгуй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ гурван улсын хамтарсан түншлэл цаашлан холбоотны хэмжээнд хүрч, бүс нутгийн харилцааг хэсэг бүлгийн харилцаа болгох вий, үзэл санааны хувьд бүс нутаг салангид болох вий гэж сэрэмжилж байгаагаа дурдан, Зүүн Хойд Азийн гурван том улсын хувьд Хятад, Япон, Өмнөд Солонгос нь бүлгийн үзэл санаа дэлгэрэхээс сэргийлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Бүс нутгийн асуудлаас цаашлан, өнөө цагийн тив дэлхийн асуудал болоод байгаа Газын зурвасын хямралт нөхцөл байдлыг дээрдүүлэхийн төлөө гурван улс хамтарч байр суурь илэрхийлэх, дипломат арга барилыг санал болгохын чухлыг хөндөж ярилцлаа. Энэ удаагийн уулзалтын үр дүнд гурван улсын тэргүүн нарын дээд түвшний уулзалт зохион байгуулахаар зөвшилцөж, олон улсын нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед хамтын ажиллагааны дорвитой үр дүнд хүрэхээр ажиллах болно гэж уулзалтын дараа Японы гадаад хэргийн сайд Камикава Ёко албан мэдэгдэл гаргалаа. Тэд уулзалтынхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, оройн зоог барих байсан ч цаг хугацаа давчуу байсны улмаас цуцлагдсан байна.
БНХАУ, БНСУ, Япон улс харилцаагаа эерүүлэх дээд түвшний уулзалт зохион байгуулна | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.