Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2023-12-06 15:11:54

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө  Ховдын нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь,  Дундговийн  баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2023 оны 12-р сарын 06-ны 20 цагаас 12-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, халуун хуурай салхи салхилж,  нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Онон, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулын ар бэлээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулын ар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр  1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 11-13 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2023 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 4101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй