Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2023-12-07 15:34:59

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төв, зүүн аймгуудын нутаг, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.


2023 оны 12-р сарын 07-ны 20 цагаас 12-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм,  бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.


2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 17-22 хэм өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй