Шууд Chart

Байнгын хорооны дарга Б.Баярсайхан боловсрол болон соёлын салбарын зарим асуудлаар санал солилцов

2023-12-08 08:53:03

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайд Ч.Номин болон тус яамдын холбогдох албан тушаалтнуудын хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар  Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг.  Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.

Боловсролын салбарын тухайд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулиудыг хэлэлцэн баталж, боловсролын салбарт анх удаагаа олон улсын үнэлгээний байгууллагаар (PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээ) сурагчдын түвшинг тогтоосон. Олон улсын үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах зэргээр цаашид төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар Боловсролын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав. Хууль эрх зүйн талаас одоо шинжлэх ухааны салбарын ажил хүлээгдэж байгаа бөгөөд Засгийн газраас өргөн барих Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөлд онцгойлон анхаарлаа хандуулж өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханаас хүслээ.

Үргэлжлүүлэн Соёлын салбарын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулав.  Хууль тогтоомжийн хүрээнд  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьсан. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах хүсэлтийг  2023 оны арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад хүргүүлснийг Соёлын сайд Ч.Номин яриандаа дурдаж байлаа.  Мөн тус яамнаас соёлын салбарын нэгдсэн бодлогын баримт бичиг болох “Соёлын салбар 2030” хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Уулзалтад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Соёлын сайдын ахлах зөвлөх  С.Оюунбилэг, Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Байнгын хорооны дарга Б.Баярсайхан боловсрол болон соёлын салбарын зарим асуудлаар санал солилцов  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй