Шууд Chart

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” арга хэмжээнд оролцов

2023-12-08 15:51:45

“Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн арга хэмжээ болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/-ээр Монгол Улс 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөөлсөн байна. Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байна.

Монгол Улсын Засгийн газар улс төр, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг бий болгож, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан.

2023 оны зургадугаар сарын 16-нд батлагдсан уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй байхаар хуульчилсан.

Мөн 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлагад нийцүүлж, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, бодлогын нам болж ажиллах асуудлыг шинээр тусгасан юм.

Эдгээр хууль эрх зүйн шинэчлэл хийх санаачилгыг Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, Мэдрэмжтэй мэдээлье хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хөдөлгөөний зүгээс гаргаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан “УИХ-д хуульд жагсаалтаар дэвших 48 нэр дэвшигчийг хүйсийн хувьд 1:1 хэлбэрээр эрэгтэй, эмэгтэй байлгах, өмнө байсан жендэрийн 20 хувийн квотыг 30 хувьд хүргэж өсгөх заалт бүхий Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас өргөн барьсан нь улс төрийн шийдвэр байсан төдийгүй тодорхой эсэргүүцлийг давж байж гарсан” гэдгийг онцлоод энэхүү өөрчлөлт, шинэчлэлт бол улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бодит оролцоог нэмэгдүүлсэн бодлогын чухал арга хэмжээ болж, олон улсад сайн туршлага болж байгааг тэмдэглэлээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” арга хэмжээнд оролцов  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй