Шууд Chart

Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн 4 дэх шатны хэлэлцээг хийлээ

2023-12-09 09:32:19

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн 4 дэх шатны хэлэлцээг зохион байгууллаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай 1981 оны хэлэлцээрийг хоёр улс одоог хүртэл мөрдөж ажиллаж байна.

Хоёр улсад ажилласан жилийн шилжүүлэн тооцож тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан энэхүү хэлэлцээрийн хүрээнд 2016-2023 онд хоёр улсад ажилласан жилээ баталгаажуулсан 994 иргэн байгаа бол Монгол Улсаас 289 иргэн тэтгэвэр авч байна.

Хоёр улсын нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын хуралдааны протокол, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг тусгаж 2018 онд эхний шатны хэлэлцээг зохион байгуулсан.

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийн 4 дэх шатны хэлэлцээг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр хийлээ.

Энэ удаагийн Монгол-Оросын шинжээчдийн ажлын хэсгийг Монгол талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Орос талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Хууль эрх зүй, хууль тогтоомж, олон улсын харилцааны департментын Орлогч дарга С.В.Комарова нар ахлан ажиллаж, хэлэлцээрийн төслийг шинжээчдийн ажлын хэсгийн түвшинд эцэслэн тохирлоо.
Хэлэлцээ үр дүнтэй, найрсаг уур амьсгалд өрнөж хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах чухал ач холбогдол бүхий энэхүү хэлэлцээрийн удирдлагын тохиролцооны төслийг ойрын хугацаанд хэлэлцэж 2024 онд эцэслэн гарын үсэг зурж батлуулах нь зүйтэй гэж хоёр тал үзлээ гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн 4 дэх шатны хэлэлцээг хийлээ   
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй