Шууд Chart

Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл

2023-12-09 10:21:52

Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно гэсний дагуу Монгол Улсын Их Хурал чуулганы хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр зохион байгуулна. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан явуулж буй хуралдаан, хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүнХууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Монголын парламент Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдааныг хийхээр боллоо. Хүндэтгэлийн хуралдааны үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголчууд төрт ёсны олон мянган жилийн уламжлалтай ард түмэн. Төрт ёсны төв цэгт төр биш, хувь хүн, иргэн орж ирсэн том баярыг Монголын төр хүндэтгэн тэмдэглэж байна гэсэн үг. Парламентын хүндэтгэлийн чуулганыг үндэсний шинж чанартай, ёслол төгөлдөр тэмдэглэхүйц үйл явдлыг тохиолдуулан үндэсний хэв шинжид тулгуурлан хийдэг. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг дэлхий нийтэд тунхаглан НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан тэрхүү үнэт зүйлсийг НҮБ-ын гишүүн бүх улс орон суурь үнэт зүйлсээ болгон хүлээж авч, үндэснийхээ хууль, эрх зүйн орчны үндэс суурийг болгосон. Манай үндэсний үнэт зүйл ч ижилхэн. Тиймээс “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан ард түмэн. Төр нь иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалж, хэн нэгний зааваргүйгээр амьдралаа авч явах, чөлөөтэй сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг боломжийг бүрдүүлсний баяр болгон тэмдэглэж эхэлж байна. Одоо төр нь иргэндээ залбирч эхэлж байна гэсэн үг. Энэ бол Монгол төрийн төрт ёсны түүхэнд гарсан маш том сэтгэлгээний өөрчлөлт юм. Хүн төвтэй, иргэн төвтэй болсныг Улсын Их Хурал дээд түвшинд илэрхийлж, үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулган нь Монголын парламент тухайн асуудлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэх дээд хэмжээний илэрхийлэл. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд хүний эрхийг чухалчилж, чуулганы хүндэтгэлийн хуралдаан хуралдуулж буй нь нэг том үр дүн. Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсныг илтгэж байна.

Монгол төрийн бодлогыг гаргадаг дээд байгууллага Улсын Их Хурал нь хүний эрх, эрх чөлөөний асуудалд ач холбогдол өгч эхэлсний дохио юм. Төрийн бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг, аливаа шийдвэр гаргахдаа хэний эрхийг зөрчих эрсдэл байна вэ, шийдвэрийнхээ цаад нөлөөг бодож бай гэсэн том сэрэмжлүүлэг, захиалга гэж ойлго. Үндсэн хуулийн үнэт зүйлс нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг бид анх удаа хийсэн. Тэр үеэр сайн, муугаа ярилцсан. Яг энэ парламент хүний эрхийн чиглэлээр багагүй ажил хийжээ. Цаашид уг анхаарах нь зохистойг ч хэлэлцлээ. Тун удахгүй дүн, зөвлөмж гарна. Дэлхий дээр байгаа хүний эрхийн бараг бүх гэрээ конвенцод манай улс нэгдээд орчихсон. Нэгэнт соёрхон батлаад, нэгдсэн бол үндэсний хууль тогтоомжийнхоо хэмжээнд биелүүлэх үүрэг хүлээдэг. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа нэгдүгээрт үзэж, иргэдийнхээ эрхийг хангаж, хамгаалах ёстой. Хүний эрхийн олон улсын гэрээнүүд нь аль хэдийнэ манай хууль мэт болсон, зохицуулалттай, хэдийнэ ороод ирчихсэн байгаа юм. Тэгсэн мөртлөө хүний эрхийн асуудал төгс биш байна. Хэрэв олон улсын гэрээ конвенцод тусгасан зүйл заалтыг зөрчсөн бол хариуцлагыг зөвхөн Монголд ч биш, хаана ч Та хүлээж болзошгүй шүү гэдгийг хүний эрх зөрчиж болзошгүй нөхдүүд төрийн байгууллагууд анхаардаг байх ёстой. Учир нь Монголын хууль болоод ороод ирчихсэн олон улсын гэрээ, конвенцуудыг,  энэ хуулийг хэрэгжүүлэхэд бид анхаарах үүрэгтэй юм. Улсын Их Хурал хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Хатуу хяналт тавих ёстой. Мөн төрийн бусад байгууллага үүнийг ойлгож хэрэгжүүлэхдээ зарчим болгон дагаж мөрддөг байх ёстой. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөө, төрийн бус байгууллагуудын оролцоо ч чухал.

-Парламент хүний эрхийн, жендэрийн өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хийжээ. Хүний эрхийг дээдлэх сэтгэлгээ хөгжиж, нөхцөл байдал илүү дээрдсээр байх дүр зургийн талаар та сая ярилаа. Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй. Яагаад итгэлтэй байдаг гэвэл 1990-ээд оны үеийн хүний эрхийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй харьцуулбал шал өөр байсан. Бид богино хугацаанд маш хол үсэрч чадсан байна. Цаашаа илүү алс явах, ахиц дэвшил гаргах боломж бий гэж харж байгаа. Хүний эрхийн асуудлыг төгс мэддэг, шийдсэн гэж эрдэж, өчүүхэн амжилтдаа санаа амарч болохгүй. Учир нь хүний эрх нь тогтонги, байнга нэг  байранд оршоод байдаг зүйл биш. Тэгэхээр хүний эрхийн бүх эх сурвалжуудаа уншиж, судалж, мэддэг байхаас эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 75 жилд яг хэдэн хүн уншсан бол. Хүний эрхийн эрх зүйн тогтолцооны гайхамшиг нь юундаа байдаг юм гэвэл хүний эрхийг хүндэлдэг улсад бол та мэдэхгүй байсан ч өөрийн чинь мэдэхгүй байгаа эрхийг өмнөөс чинь мэдээд эдлүүлдэг нийгмийг хүний эрхийг хүндэтгэдэг нийгэм гэдэг юм. Иргэдийн хувьд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг бүгд мэдээд байх албагүй. Төрийн албан хаагчид, ялангуяа удирдах албан тушаалтнууд, гарын үсгээрээ хэн нэгний эрхийг зөрчиж болзошгүй хүмүүс энэ Тунхаглалыг уншчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй. Энэ парламент дотор хүний эрхийн асуудал голчлон яригддаг болсон. Энэ бол дэвшил. Тиймээс хүний эрхтэй холбоотой мэдээ, материал бүх гишүүний ширээн дээр хангалттай очиж байгаа. Хүний эрх хамгаалагчийн, эрүү шүүлттэй тэмцэх үндэсний механизм зэрэг олон дэвшилтэт шийдвэрүүдийг баталж, байгууллаа. Цаашид улам чамбайрах нь эргэлзээгүй. Хүний эрхийн чиглэлээр бодлогын түвшинд Монгол Улс томоохон өөрчлөлтийг хийж чадсан улс гэдгээрээ бахархах учиртай. 


Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-09 21:19
Баахан хүний эрх зөрчиж барьж хорьчихоод яаж хүндэтгэлийн чуулган гэж гуцаж чадаж байна аа 76.н хулгайч аа

Бидэнтэй нэгдээрэй